Бусдын буянаар олдсон амьсгалах боломж
НийгэмӨнгөрсөн нэг сарын хугацааг бодвол одоо ч манай улс амьсгаа авахтайгаа болж буй бололтой.
Өдөрт 2000 биш 1000 гаруй шинэ халдвар илэрч, 10 бус 4-5 хүн эндсэн мэдээтэй.
Ихэнх хэсэг нь ковидыг мартан, амарч зугаалж явна.
Дэлхий нийтэд дельта хувилбар тархаж, зарим улс хөл хорио ч тогтоож байна.
Энэ аюул хэзээ Монголыг сандаргахыг хэлэх боломжгүй ч, цаг хугацааны л асуудал байх.
Харин тэр үед бид бусдын буянаар бас ч бэлтгэлтэй байх бололтой.
Хэдхэн хоногийн өмнө Швейцарь улс манайд 2 тэрбум 37 сая гаруй төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Бүр өөрсдөө тусгай үүргийн онгоц гаргаж, Монгол Улсад 40 ширхэг амьсгалын аппарат, 45 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүчилтөрөгчийн хамрын гуурс, амны хаалт зэрэг ковидын үеийн яаралтай тусламжийг авчирч өгчихөөд явлаа.
Харин тэдэнд хэн ч ач холбогдол өгсөнгүй, авчирч өгсөн зүйлсийг нь л алгаа тосоод авчихлаа.
Мөн Унгар улсын Засгийн газар манайд 4.6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасныг Элчин сайд З.Батбаяр мэдээллээ.
Аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт 3 гэж тооцоолон нийт 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол Улсад ирэх гэнэ.
Хэдэн Элчин сайдынхаа нүүрийг баран байж гуйлга гуйлгасаар ямар ч байсан амьсгалын аппараттай боллоо.
Манай Засгийн газар вакцинаас бусдад мөнгө зарлагадахгүй мөн ч их гүрийсэн дээ.
Эмч, эрүүл мэндийн салбарынхан амьсгалын аппарат дутагдаж, нөхцөл байдалд хүндэрч байгааг хэлсээр байсан.
Арга ядаад гэр бүл, найз нөхдөөрөө мөнгөө нийлүүлэн эмнэлэгтээ амьсгалын аппарат авч байв.
Харин одоо эмнэлгийн орон дээр шаналж буй хүмүүс бусдын буянаар амьсгалах боломжтой боллоо.
Манай Улсад Япон, Хятад, Энэтхэг, КОВАКС хөтөлбөрийн орнууд хэдэн сая тун вакцины тусламж үзүүлсэн.
Тэр вакцины ачаар бид өнөөдөр аялж, зугаалж явна.
Одоо Щвейцарь, Унгар улс тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ.
Харин бид албатай мэт алгаа тосч авснаас өөрийг хийсэнгүй.
Ядаж баярлалаа гэж хэлцгээе, бүгдээрээ.
Бид тэдний өмнөөс өвдөөгүй ч тэд бидэнд тусалж байна.
Эрүүл энхийг хүсье