Хятад улс үерт нэрвэгдлээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-07-21 02:13:45

Баруун Европын нутгаар өнгөрсөн долоо хоногт их хэмжээний аадар бороо орсноос 200 орчим хүн амь үрэгдэж, маш их хэмжээний хохирол амссан билээ. Тэгвэл аадар борооны үүл Хятад улсад ирээд байна.

Хүчтэй аадар бороо орсноос Хятадын төв хэсэгт их үер бууж, хүмүүсийн орон гэр урсаж, зам тээврийн үйл ажиллагаа доголджээ. Хэнань мужид л гэхэд 10 мянга гаруй хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ. Үер эхэлснээс хойш Жэнжоу хотод багадаа 12 хүн нас барсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Нийт 10 гаруй хотод гол замууд хаагдаж, нислэгүүд цуцлагджээ. 94 сая орчим хүн амьдардаг Хэнань муж үерийн улмаас хамгийн их хохирол амсаад байна. Тус мужийн Луянг хотын аварга далан хүчтэй салхины улмаас нурж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн бүс нутагт цэргүүдийг байрлуулжээ.

Харин Жөнжөү хотод сүүлийн гурван хоногт орсон бороо бүтэн нэг жилийн хугацаанд ордог хур тунадасны хэмжээтэй ижил байгааг цаг уурчид мэдээлсэн байна. Аадар бороо тус бүс нутагт дахин дор хаяж ойрын 24 цагийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC


Холбоотой мэдээ