Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ард иргэд хууль бусаар лицензээ авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниас газар нутгаа хамгаалан тэмцэж байна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-21 02:29:28


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн сум орон нутагт хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл өгөхдөө Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийж, саналыг нь авсны үндсэн дээр зөвшөөрлийг олгох эсэх шийдвэр гарах ёстой боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийлгүйгээр, нутгийн малчин иргэдээс  асуулгүйгээр уул уурхайн лиценц өгөх нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ. 

Энэ байдлаас болж хөрс, усны хомсдолд орсон малчид нутгаасаа дайжихад хүрч байна.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчид эрт үеэс  тойрон нутаглаж, дахин шүтсээр ирсэн Алтан-Овоо  уулаа БНХАУ-ын Каймон Лимитэд компанийн эзэмшил Эрдэнэжас ХХК-аас хамгаалан тэмцэж байна. Тэдний хэлж буйгаар сумын удирдах албан тушаалтнууд иргэдийн саналыг авалгүйгээр дур мэдэн хууль бусаар Эрдэнэжас ХХК-д лиценз өгж Алтан - Овоог ухаж төнхөж эхэлснээс хойш, тухайн нутаг гадаргын усгүй болж, газрын гарц урьд жилүүдийнхээс эрс муудаж байна гэв. 

Ярилцлага: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин, н.Ёндонбал 

Би бол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын залуу малчин, уугуул иргэн н.Ёндонбал гэдэг хүн байна.

Манай нутгийг зөвшөөрөлгүй хэсэг нөхдүүд бүлэглэж ирж ухаад мал бэлчихийн аргагүй болгож, гол горхины эх, уул усыг сэндийчээд байна.

Энд амьдарч байгаа ард иргэд, Иргэдийн хурал нь зөвшөөрөл өгөөгүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа тул бид их бухимдалтай байна.

Гэхдээ хуулийн дагуу эсэргүүцлээ үзүүлж, монгол малчин хүний уужуу ухаанаар бүхнийг шийдэх гээд явж байна. 

Ярилцлага: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин, н.Төмөрөө 

2015 онд энэ компани ашиглалтын зөвшөөрөл авсан гэж байгаа боловч тухайн нутагт оршин суудаг багийн 400 хүн үүнийг зөвшөөрөхгүй, тахилга шүтээнтэй уулаа ухуулахгүй гэж байхад Сумын засаг дарга, Байгаль орчны байцаагч хоёр дур мэдэн зөвшөөрөл өгсөн гэдэг нэрийдлээр олон жил явж өнөөдрийн энэ байдал үүсээд байна.

Монгол үндэстэн хэдэн мянган жил өөрсдийнхөө амь насаар хамгаалсан газар нутгийг хэдхэн тэрбум төгрөгөөр солих гээд байж байна.

Сүүлийн 20 жилд Засгийн газар ойролцоогоор 20,000 лицензийг уул уурхайн компаниудад өгсөн байна.

Үүний хууль бус жишээнүүдийн нэг нь энэ.

Ард иргэд сумын Засаг дарга болон Эрдэнэжас ХХК-ийн холбогдох хүмүүст үзэл бодлоо хэллээ.

Цаашдаа энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол нутгийн иргэд үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу тэмцэнэ гэдгээ хэлсэн.  

Ярилцлага: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин Д.Лхасүрэн

Бид энэ уул хангайг шүтэж явдаг.

Миний өвөг дээдэс энэ газар нутагт төрж, өсөж, нутаглаж, эцэстийн бурхны оронд явсан.

Би ч бас мөн адил бурхны оронд явтлаа эндээ амьдарна.

Гэтэл манай энэ хангайг харийн түрэмгий нөхдүүд ирж ухаад хэдэн жил болж байна.

Манай хангайд 3 жил улаан шороо эргэлдүүлж байна.

Нүүдлийн малчин айлууд өөрсдийнхөө шавхсан худаг дээр хэдэн малаа услаад өдөр хоногийг өнгөрөөгөөд амьдарч л байна.

Төр засаг ард иргэдээ, энд тулгараад байгаа асуудлыг огт анхаарахгүй байна.

Үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул би төр засагт буруу үгийг хэлнэ.


Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ