ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна
НийгэмЗасгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22 -нд зохион байгуулахаар товложээ.
Коронавирусний тархалт зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр нэмэгдсэнтэй холбогдуулан ЭЕШ-ыг түр хойшлуулаад байсан юм.
Энэ жилийн хувьд, 40 мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.
ЭЕШ-ыг долоодугаар сарын 1-4-нд буюу товлосон хугацаанд нь зохион байгуулсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй нөхцөл үүсээд байсныг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тодотгов.
Тодруулбал, 2400 гаруй хүүхэд коронавирусний халдвар авсан, 21 аймаг хөл хорио тогтоосны улмаас 7600 гаруй хүүхэд сумаас аймгийн төв рүү явах боломжгүй болоод байжээ.
Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй нөхцөл үүсээд байв.
Мөн ЭЕШ-ыг зохион байгуулах 9000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчийн 3000 нь вакцинд хамрагдаагүй байсныг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар, ЭЕШ өгөх ёстой 40 мянган хүүхдийн 38 200 нь 17-18 насныхан бөгөөд наймдугаар сарын 19 гэхэд вакцины хоёр тундаа бүрэн хамрагдах бололцоотой.
Түүнчлэн шалгалтыг зохион байгуулах багш, сурган хүмүүжүүлэгчид вакциндаа хамрагдаж амжна гэдгийг БШУ-ны сайд мэдээллийн үеэр тэмдэглэв.
Гэхдээ дельта вирус ямар эрсдэл дагуулахыг хэлж мэдэхгүй хэмээн тодотголоо.
Мөн тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "Зуны улиралд цэцэрлэг, сургуулийн ногоон байгууламжийг нээхийг уриалсан.
Ихэнх сургуулиуд нээсэн байгаа.
Спорт заалны хувьд судалж үзээгүй.
Бидний зорьж байгаа гол асуудал бол есдүгээр сарын 1-нд хичээлийг хуулийн дагуу эхлүүлэх бэлтгэл хангах, ЭЕШ-ын хугацааг дахин хойшлуулахгүй байх" хэмээн онцлов.