Замын-Үүдийн мафитай тэмцэх ажиллагаа шоу байсан уу?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-22 00:58:15

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  авлига албан тушаалын мафитай тэмцэх ажиллагааг Замын-Үүдээс эхлүүлж байгааг мэдэгдэж байв. Түүний ахалсан ажлын хэсгийнхэн энэ сарын 6-нд Дорноговь аймгийг зорьж баривчилгаа, халаа сэлгээг хийж сүр дуулиан болсон. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газар Замын-Үүдийн мафитай хатуу тэмцэж, цаашид төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгана гэдгээ мэдэгдсэн юм. Авлигын хэрэгт холбогдон шалгуулж буй нэр бүхий зургаан албан тушаалтныг баривчилж, орны нь хүмүүсийг томилсон эл асуудал үнэхээр авлигатай тэмцэх Засгийн газрын “ажиллагаа” байсан уу эсвэл Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар попорсон уу?Ямартай ч Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтан суллагдаж, зарим нь ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр “Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн үед  надаас гадна бусад хүмүүсийг ч бас 48 цаг саатуулсан. Өнөөдөр тэр хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, орны нь хүмүүсийг томилсныг та бүхэн мэднэ. Миний хувьд одоогоор ажил үүргээ ердийн үргэлжлүүлж байна.

Ер нь бидний хувьд авлигын хэрэгт холбогдож мафи байгуулж хэн нэгэнд давуу эрх олгосон асуудал огт байхгүй. Тэглээ ч Замын-Үүдийн харьяа байгууллагууд биш. Сумын хил гааль мэргэжлийн хяналтын байгууллага бүгд босоо удирдлагатай.

Миний хувьд сумын Засаг дарга, тэр хүмүүс бол босоо удирдлагатай, төвөөс өгсөн чиг үүргийн дагуу л ажилладаг. Онцгой шаардлагатай ачаа бараа татах үед харьяалах газраас албан бичиг ирдэг. Энэ дагуу би Хилийн мэргэжлийн хяналтын дарга руу яаралтай хил нэвтрүүлэх  цохолт илгээдэг. Түүнээс биш бусдаар үгсэн хуйвалдаж тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн асуудал байхгүй. Миний хувьд шалгуулахад татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг  өгсөн юм.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарыг баривчилсан юм. Хуулийн байгууллагаас тэднийг 48 цаг саатуулж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас “Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтанд холбогдох хэрэг шалгагдаж байна. Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажлыг явуулж байна” гэв. Харин Авлигатай тэмцэх газар уг асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.

Мөн цагдаагийн байгууллагаас ч бас нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг “Авлигатай тэмцэх газар мэднэ” гэх үгээр “ам таглаж”  нэр бүхий албан тушаалтнуудтай холбогдох хэргийн талаарх мэдээллийг “хав дарж” байгаа юм. Энэ мэтчилэн  сайд нь баривчлах “ажиллагаа”-г олон нийтэд ил тод нээлттэй явуулдаг ч удалгүй хэрэг нь “замхардаг”, хуулийн байгууллагынхан “мэдэхгүй” аль эсвэл “хэргийг шалгаж байна” гэж товчхон тайлбарладаг нь ч бас баривчлах ажиллагаа “шоу” байсан юм биш биз гэх хардлага эргэлзээг ч төрүүлж байна.

Ард түмэн харах л үлдлээ...

Цаг хугацаа бүхнийг харуулна.

Холбоотой мэдээ