Барилгын материалын үнийг зохиомлоор хөөрөгдсөн

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-26 23:56:56

Урин дулаан цаг ирж ихэнх хүн амарсан энэ хугацаанд орон сууц тохижуулах, барилга барих, зам засварын ажил хийх нь нэмэгддэг.

Хүнс, өргөн хэрэглээний барааны үнийг иргэд өдөр тутмын худалдан авалтаас нэмэгдэж байгааг нь мэддэг бол барилгын материалын үнэ ханшийн өсөлтийг шаардлагатай тохиолдолд худалдан авахдаа л анзаардаг.

Тиймээс бид дулааны улирал, зуны амралтын хугацаанд байшин, барилга барих гэж буй иргэдэд хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болох вакум цонхны үнэ ханшийг сурвалжиллаа.

Бүтээн байгуулалтын саруудад түм түжгэнэж байдаг захын гудамж, лангуу аль аль нь хоосорчээ.

Хүнгүй дээрээс нь зарим бараа материал нь тасалдаж, үнэ нь 2-3 дахин нэмэгдсэн байна.

Иргэдийн хэлснээр арматур, вакум цонхны үнэ 2-3 дахин нэмэгдсэн нь орон сууцны квадрат метрийн үнэ өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ.

Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гаалиар нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний импорт саарч, түүнийг дагасан үнийн хөөрөгдөл хэрхэн үүссэн талаар сурвалжлав. Барилгын материалын бараа, бүтээгдэхүүн авахаар нийслэл төдийгүй орон нутгийн иргэдийн зорьдог газар бол 100 айлын барилгын материалын зах.

Газрын маргаанаас болж нүүлгэн шилжүүлэх, үнийн хөөрөгдлөөс хамаарч захыг торгох асуудлууд яригддаг ч өнөөх хөдөлгөөн өвөл, зуны алинд ч их хэвээр байсаар ирсэн.

Харин хавраас эхлээд барилгын материалын үнэ ханш огцом өссөн талаар иргэд төдийгүй худалдан борлуулагч, үйлдвэрлэгчид ярьж байгаа юм.

Үнийн өсөлтийг дагаад үйлчлүүлэгчийн тоо ч буурчээ.

Вакум цонхны үйлдвэрлэл эрхлэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн жилээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор шил болон цонхны хуванцар хүрээ, түгжээ, нугас, бариул зэрэг барааны үнэ нэг дахин нэмэгдээд байсан бол сүүлийн хөл хорионоос хойш барааны хомстол үүсч үнийн эрс хөөрөгдөл үүссэн байна.

ЯАГААД ҮНЭ НЭМЭХ БОЛОВ ГЭДГИЙГ ИРГЭД БҮҮ ХЭЛ ХУДАЛДАГЧИД Ч МЭДЭХГҮЙ БАЙНА

Вакум цонхны үйлдвэрлэл эрхлэгч Ц.Жаргалбаяр:

-Өнгөрсөн жилийнхээс цонхны түүхий эд 60-65 хувь нэмэгдсэн. Иргэдийн худалдан авах чадвар муу учраас Монгол Улсад үйлдвэрлэл явуулах боломж хөгждөггүй. Бид цонх хийх материалаа дотоодын захуудаас авчихдаг. Энэ жил худалдан авагчдад үнэ хэлэхээс ичиж байна. Вакум цонхыг хамгийн багадаа 110 мянган төгрөгөөр хийдэг ханштай байсан бол одоо 180 мянган төгрөгөөр хийж байна. Шилийг ноднин жил метр квадратыг нь 28 мянган төгрөгөөр авдаг байсан бол 32 мянган төгрөг болж өссөн. Тавдугаар сараас хойш хөл хорио тогтоож, хил гаалийн татан авалтад үүссэн гацалтаас хамаарч ихэнх бараа орж ирэхгүй хомстол би болгож, түүнийг дагаад үнийн зохиомол хөөрөгдөл бий болсон гэсэн үг. Миний ойлгож байгаагаар хорио тогтоосон хугацаанд хоногт хилээр нэвтрэх 50 машин байлаа гэж бодоход 30-35 нь хүнс, үлдсэн машин нь бусад төрлийн барааг оруулж ирж байсан юм шиг байна лээ.

Хаврын улиралд эрэлт гол нэмэгддэг үе учраас зах зээл дээр түүнийг дагасан хомстол үүсч, жаахан нөөцтэй байсан газрууд нь үнээ нэмсэн байх. Түүнээс биш хил, гааль асуудалгүй байсан бол захаараа ярилцаж байгаад л үнээ нэмнэ гэсэн ойлголт байхгүй. Зарим хүн худалдагчид л нэмж байна гэж харж байна. Бид нар метр квадратын үнээр ханшаа тогтоодог. Гэтэл тавдугаар сараас хойш 28 мянган төгрөгөөр авдаг байсан шилийг 80-85 мянган төгрөгөөр худалдаж авдаг болсон жишээтэй. Худалдаа эрхэлж байгаа хүмүүс чинь түрээсийн зардал, цалин гээд ашиг болгож унагадаг хэдэн төгрөгөө урьдын адил нэмнэ. Хөдөө орон нутгаас хүн вакум цонх авлаа гэхэд угсралтын 10 мянган төгрөгөө хасдаг байсан бол одоо бол тогтсон үнэ 180-190 мянган төгрөг байна.

Үйлдвэрлэл эрхлэгчид нэг цонх хийхдээ 20-30 хувийн ашиг нэмдэг байна. Өөрөөр хэлбэл нэг цонхны метр квадрат тутамд 36-38 мянган төгрөгийн ашиг нэмдэг аж. Бараа, бүтээгдэхүүний хомстол бий болохоос өмнө хардаг байсан тэр ашиг одоо ч  нэмэгдээгүй. Харин төрийн байгууллагууд хяналт тавьж чадахгүй байгаа учраас урдаас орж ирэхдээ олон дамжлага дамжиж үнэ ханш ийнхүү өсөх болсонг худалдагчид онцлов.

Үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж, ажиллах хүн байсан ч захиалагч байхгүйгээс болж ажилчдаа халж, өөрсдөө түрээсээ төлөхийн тулд хоногт нэг цонх ч болтугай хийх зорилттой ажиллаж байгаагаа худалдаа эрхлэгчид хэллээ.

Наадмын өмнө олон хоногийн амралтыг ашиглаад байшин, барилгаа барих гэсэн иргэдийн худалдан авалт нэмэгдсэн байна. Гэсэн ч бүх зүйл цаг хугацаатай байдаг учир баяр дуусч, наадмын дараа нэг ч худалдан авагчгүй болоход хүрчээ.

БАЙШИН СУУЦАА ЗАСВАРЛАХ ИРГЭД ЖИЛ ӨНЖИХӨӨС ӨӨР АРГАГҮЙД ХҮРЧЭЭ

Иргэн Н.Оюунтуяа:


Барилгын материалын үнэ маш их нэмэгдсэн. Энэ замбараагүй үнийн өсөлтөд хяналт тавих хүмүүс үнэхээр дутагдаж байна. Тавдугаар сард шилэн хөвөн 18 мянган төгрөг байсан бол одоо 45-50 мянган төгрөг, лампер  гурав хоногийн өмнө 15-18 мянган төгрөг байсан бол өнөөдөр 25-30 мянган төгрөг болж өссөн байгаа юм. Тэгээд худалдан авалт хийх гээд 100 айлын захын бараг бүх хэсгээр орохоор ижил үнэ хэлээд, хэдхэн ширхэг байна. Авбал ав, авахгүй бол боль гэсэн хандлагатай үйлчилгээ үзүүлж байгаа нь бухимдал төрүүлдэг. Манай улсад үйлчилгээний соёл алга. Бас зах зээлээ мэдэрнэ гэсэн ойлголт ч байхгүй байна. Иргэдийн аж амьдрал эдийн засгаас хамаарч ямар их доройтож байгааг төр засаг мэддэг үгүй нь ч тодорхойгүй.

Бид өөрсдийнхөө мөнгөөр худалдан авалт хийх гэж байж загнуулаад л авахаас өөр аргагүй байдалд байна шүү дээ. Өнгөний сонголт, зузаан нимгэн зэргийг харгалзаж авах ямар ч боломжгүй. Хөдөөнөөс ирсэн болохоор аргагүй эрхэнд авахаас өөр сонголт алга. Бүх л бүтэн зах байж ганцхан газарт байгаа л гэдэг хариулт өгдөг болсон.

Өнөөдөр гурвалжингийн гүүр дээр бараа бууж байхад нь очиход үнэн нь харьцангуй хямд байна лээ. Даанч 100 айлынхан захисан бараа гээд зарж болохгүй гэдэг тайлбар өгч байна. Уг нь тэндээс очоод авчихсан нь хамаагүй дээр санагдсан.

Хуучин авч байсан үнээрээ тооцоолоод мөнгөө төсөвлөөд гараад ирэхээр нөгөө үнэ нь аль хэдийн нэмэгдчихсэн байна. Тэгээд ч болоогүй өргөн хэрэглээний бараа, бензиний үнэ нэмэгдсэн учраас хот хооронд зорчиж байгаа нь бүр ч зарлагатай санагдаж байна. Тиймээс хариуцах ёстой хүмүүс нь хяналт шалгалтын ажлаа хийж бүх зүйлийг халдварын тархалт, нөхцөл байдалтай холбохгүйгээр ажилламаар байна.

БАРИЛГЫН САЛБАРЫН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ШӨХТГ ХАРИУЦАХГҮЙ

Барилгын материалын салбарт хяналт дутагдаж байгаа нь барааны үнийн хэт өсөлтөөс харагдаж байна. Иймд хэрэглэгчийн эрхийг хангаж, хамгаалж ажиллах ёстой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын мэргэжилтэнтэй холбогдож тодрууллаа. Тухайн байгууллагын зүгээс барилгын салбарт манайх хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулдаггүй. Барилгын бараа, материалын үнийн өсөлтөд холбогдох яамнаас хяналт тавьдаг. 2020-2021 онд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх салбарын бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас тавдугаар сард вакум цонхны үйлдвэрлэлд шалгалт хийсэн байгаа. Хятадын чанарын шаардлага хангаагүй цонх суурилуулж, тогтоодог асуудал зарим компанид гарсан. Тиймээс 100 айл болон барилгын материалын бусад захын вакум цонхны үйлдвэрлэлд тодорхой хяналт шалгалтыг хийж, холбогдох зөрчлийг оногдуулахаар болсон байгаа.


Холбоотой мэдээ