Монгол – Хятадын Коммунист Намын (ХКН) 100 жилийн ойг тохиолдуулан “Эх хэлээ аваръя! хөдөлгөөн
Нийгэм“Эх хэлээ аваръя!” хөдөлгөөн нь 2020 оноос Өвөр Монголд хэрэгжиж эхэлсэн “Хос хэлний бодлого” –ын үндсэн дээр бий болсон дэлхий даяар Монгол хэл, соёл, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө нэгдсэн Монгол үндэстний 16000 мянган гишүүд дэмжигчид бүхий нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүсэн бий болсон хөдөлгөөн юм.
7 сарын 23 ны буюу ХКН-ын жинхэнэ байгуулагдаж анхны үүсгэн байгуулагчдын хурлаа хийсэн энэхүү өдөр тус хөдөлгөөнийхөн “ХКН ба Өвөр Монгол-Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт цахим семинар зохион байгуулж, “Эх хэлээ аваръя!” ТББ, Дэлхийн Монголчуудын Холбоо, болон “Тархсан Монголчуудын Нэгдэл” ТББ-ын гишүүд дэмжигчид хамтран Сүхбаатарын талбайд халдвар хамгааллын дэглэмээ барин тайван цуглаан хийх зэргээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хандан “ХКН даян дэлхийн хүн төрөлхтний энх тайвны төлөө хүний эрхийг дээдлэн, цөөн тоот үндэстнийхээ эрх ашгийг хүндэтгэж Өвөр Монголд явуулж буй “Хос хэлний бодлого”-ыг зогсоож сурагчдын цаашид Монгол хэлээрээ сурах боломжийг нь хадгалан, бэлчээр нутгийнхаа төлөө тэмцсэн малчин тэмцэгч нарын эрхийг хамгаалах”-ыг шаардсан утга бүхий дараах захидлыг илгээв.
Захидал дор:
ИЛ ЗАХИДАЛ
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА, КОММУНИСТ НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ШИ ЖИНЬПИН ТАНАА
Танд Хятадын Коммунист Нам (ХКН) байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!
“Баян, хүчирхэг, ардчилсан, соёлч боловсон, эвсэг зохицонгуй, социалист орчин үеийн орон байгуулна” гэж зорилт дэвшүүлж тунхагласнаас хойш Азийн бүс нутагт хэрэгжүүлсэн танай намын бодлого олон үндэстэн, олон сая хүний эрхийг ноцтой зөрчсөн тул дэлхий нийт “Геноцидын 100 жил” хэмээн нэрлэж эсэргүүцлийн арга хэмжээ өрнүүлж байна.
Өнгөрсөн зуун жилд Зуун цэцгийн аян, Их үсрэлт гэх бүтэлгүй бодлого, Соёлын хувьсгал гэх хор уршигтай харгис хувьсгалуудыг зохион байгуулсан.
Хятадын коммунист намын удирдагч Мао Зэдун 1935 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголчуудад хандсан захидалдаа:
“Өвөр Монголчууд бүрэн тусгаар тогтнох эрхтэй, Өвөр монголчууд л зөвхөн өөрсдийн хувь заяаг шийдвэрлэх эрхтэй, энэ бол дархан эрх” гэж бичсэн байдаг. Харамсалтай нь хэрэгжээгүй бөгөөд Өвөр Монголыг цэргийн хүчээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад нэгтгэсэн.
Бид БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож байгаа бус хүний эрх гэдэг бол хүн төрөлхтний асуудал. Бид хүний эрхийг дээдэлдэг Ардчилсан улсын хүмүүс учраас мөн бид Монголчууд учраас элэг нэгт Монголчуудад тулгамдаж буй асуудлуудыг анхаарах нь зүй ёсны хэрэг билээ.
Өнөөдөр Хятадын коммунист нам:
1. Хүний эрхийг байнга ихээр зөрчиж байна.
2. Үндэсний цөөнхүүдийг дарлаж, сүм хийдийг нь хааж, үндэсний соёл уламжлалыг нь хавчиж, уусгаж, нутаг орных нь байгалийн баялгийг цөлмөж, тэмцэгчдийг нь хорьж байна.
3. Өвөр Монголд монгол хэлээрээ сурахыг хязгаарлаж, хууль бусаар малчдын нутаг бэлчээрийг булааж байна.
4. Шинжааньд “дахин хүмүүжүүлэх лагериуд” барьж, үндэсний ухамсрыг нь устгах арга хэмжээ авуулж байна.
5. Төвдөд цэргийн хатуу дарангуйлал тогтоож, үндэсний соёлыг нь мөхөөж байна.
6. Хонконгт ялтан шилжүүлэхийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг нухчин дарж, “Нэг улс – хоёр систем” гэх амласан зарчмаасаа үнэн хэрэгтээ татгалзлаа.
7. Тайваньд хүч хэрэглэхээр заналхийлж байна.
8. Шашин, улс төрийн цөөнхийг хавчиж байна.
9. COVID-19-ийн үүсэл гарлыг тодруулахад саад учруулж байна.
10. Бусад улсын дотоод хэрэгт оролцож байна.
Иймийн учир Хятадын Коммунист Намаас дээрх 10 зүйлийг нэн яаралтай таслан зогсоохыг шаардаж байна.
“Эх хэлээ аваръя” хөдөлгөөн
Монгол Улс, Улаанбаатар хот
2021 оны 07 дугаар сарын 23 өдөр
- Ярилцлага: Ч.Мөнхбаяр, хөдөлгөөний төлөөлөл
Өнөөдөр Хятадын коммунист намын 100 жилийн ой. Монголын хүний эрхийн идэвхтнүүд эсэргүүцэл үзүүлж, үзэл бодлоо илэрхийлж байна. БНХАУ-ын коммунист намын дарга Ши Жинь Пинд хандаж бичсэн захидлаа Гадаад хэргийн яаманд өгөх гээд байж байна.
Энэхүү захидалд хүний эрхийг зөрчих, үндэсний цөөнхүүдийг дарамталж байгаа асуудлаа болихыг шаардсан байгаа.
Тухайлбал Өвөр Монголд хүүхдүүдийг монгол хэлээрээ сурах эрхийг хязгаарлаж, хууль бусаар малчдын бэлчээрийг хязгаарлаж, Шинжааньд засран хүмүүжүүлэх лагер барьж хүний эрхийг зөрчиж байна.
Энэ асуудлуудаа боль гэсэн шаардлагыг тавьж Гадаад Харилцааны яаманд захидлаа өгөх гэж байна.
Мөн короновирусын үүсэл гарлыг тодорхойлохоор ажиллаж буй олон улсын шалгалтад битгий саад учруулаач гэсэн шаардлага тавьж байгаа.
- Ярилцлага: н.Золзаяа, хөдөлгөөний төлөөлөл
7 дугаар сарын 23-ны өдрыг Хятадын коммунист намын байгуулагдсан өдөр гэж үздэг.
Энэхүү өдрөөр Эх хэлээ аваръя хөдөлгөөн болон Монголын хүний эрхийн чиглэлээр ажилладаг хүмүүс нэгдэж Гадаад харилцааны яаманд БНХАУ-ын дарга Ши Жинь Пинд хандсан нээлттэй захидлыг илгээхээр энд ирж, жижиг хэмжээний цуглаан зохион байгуулж байна.
Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд “Хятадын коммунист нам ба Өвөр монгол – Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт цахим хэлэлцүүлэг, семинар зохион байгуулж, одоо явагдаж байгаа бодлого, хүний эрхий зөрчлүүд, ирээдүйн хандлагын талаар хэлэлцсэн.
Тус семинарт дэлхийн олон оронд амьдардаг монголчууд, Өвөр монголчууд, Монголын хүний эрхийн идэвхтнүүд оролцож тодорхой санал, зөвлөмжөө хүргэсэн.
Түүхээ эргээд харах юм бол Хятадын коммунист намаас Өвөр Монголчуудад хүн төрөлхтний түүхэнд байж боломгүй харгис, хэрцгий бодлогыг хэрэгжүүлсэн байдаг. Анх байгуулагдах үедээ Хятадын коммунист нам янз бүрийн сайхан, сайхан амлалтууд өгч байсан. Гэхдээ байгуулагдсаныхаа дараа элэг нэгт Өвөр Монголчуудыг маань аймаглан устгах, үндэстнийх нь хувьд арчих бодлогыг явуулсан байдаг. Үүний эсрэг Монголчууд бид нэгдэж, эсэргүүцэж, тэмцэх цаг нь болсон.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг