Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо
НийгэмДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм.
Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардууллаа.
Төхөөрөмж гардуулах ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл оролцсон юм.
Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд уг төхөөрөмжөөр хангагдсанаар батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариуг цахим программд хувийн гар утсаа ашиглан оруулж байсан асуудал шийдэгдэх боломжтой боллоо.
Мөн бүхий л төрлийн аппликэйшнийг ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэн ашиглах боломжууд бүрдэж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС