Дэлхийн хамгийн хаалттай орон Туркменистан

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-29 09:32:23


Байгалийн хийн баялгаар дэлхийд эхнээсээ гуравт  бичигддэг Туркменистанд туркмен хүн сард дунджаар  30-50  долларын орлого олох ба хүн амын 70 хувь эрхлэх ажилгүй учир  Туркменистаны нийт 5 сая иргэнээс  хоёр сая хүн зугатан гарч гадаадад хууль бусаар ажил хийдэг юм.  

Туркменистанд үндсэндээ өлсгөлөн нүүрлэсэн ба гурил өндөг ч олдохгүй дараалал урт цуваа үүсдэг  бөгөөд бүсгүйчүүд нэг хайрцаг янжуураар биеэ үнэлдэг аж. 

Хүн инээх ч эрхгүй шахуу нийтээр хорих хуаран болсон дэлхийн хамгийн хаалттай  энэ оронд эмэгтэйчүүд суудлын тэрэг жолоодох эрхгүй, усны хувцастай цөөрөм бассейнд орж болохгүй, төрийн байгууллагад алба хаагч бүсгүйчүүд хумсаа ургуулж будаж үсээ шараар будаж болохгүй,  алтан эдлэл зүүж болохгүй, залуус хосоороо орой гудамжаар зугаалж болохгүй, гэр бүлийн баталгаагүй охид хөвгүүд хөтлөлцөж болохгүй,  дөчөөс доош насны туркмен иргэд гадагшаа явах эрхгүй, гадаадын иргэн нэвтрэх боломжгүй, жуулчлалын виз гэж ойлголт байхгүй бөгөөд гадагшаа явах нөхцөлд долларыг зөвхөн улсын банк онцгой нөхцлөөр цөөн тоогоор олгодог аж.  

Их өмгөөлөгч нэртэй насан туршийн ерөнхийлөгч Бердымухамедовын харгис дарангуйлал нэг хүний хэмжээгүй хаанчлал нэг хүнийг тахин шүтэх ёс ноёрхсон Туркменистанд улс төрийн  сөрөг хүчин үгүй  бөгөөд төр засаг сөрөг үзэл бодлыг нухчин дардаг юм. 

Туркменистанд 20 мянган улс төрийн хоригдол өргөст торны цаана байх ба олон мянган улс төрийн цагаач гадагшаа дүрвэжээ. 

Туркменистанд сөрөг үзэлтэй хэнийг ч болов удаан хугацаагаар шоронд хорих ба ерөнхийлөгч болон төр засгаа шүүмжилсэн хүн огт ор сураггүй алга болдог аж. 

Нэгэн сөрөг бодолтон гэнэт алга болсон бөгөөд хэдэн жилийн дараа өлсөж нас барсан байхыг нь олжээ. 

Туркменистанд чөлөөт хэвлэл байхгүй нь мэдээж бөгөөд дэлхийд хамгийн үнэтэй хамгийн  удаан интернет сүлжээндээ Фэйсбүүк Ютүүб Гүүгл гэх сувгийг хорьдог аж. 

Туркменистанд хуримлаж буй туркмен шинэ хос заавал ерөнхийлөгчийн хөргийн өмнө зураг татуулах үүрэгтэй

Ашхабад хотын төвд ерөнхийлөгчийн морь унасан 20 метр алтан хөшөөг ард түмний мөнгөөр босгожээ. 

Бердымухамедов шинэ жилээр өөрөө дуу зохиож дуулж, хурдан морь  унан, уралдааны тэрэг жолоодож, мэргэн буугаар буудан, алтан туйван өргөнө. 

Сайд дарга цэргийнхэн ялгаагүй түүний өмнө өвдгөө нугалан бөхийж гарыг нь барьж мэндлэх төдийгүй бичсэн номыг нь гардахдаа туркмен иргэн үнсэж духандаа адислах ёстой. 

Бердымухамедовын гэр бүл баян тансаг амьдралд умбах бөгөөд түүний эгч дүүс хүргэд зээ нар Туркменистаны хамгийн том бизнесийг хувьдаа авч, хүнс, эм хангамж, барилгын материалын салбарыг дангаар эзэмшдэг ба гадаад валютын хөрвүүлгээс ч ашиг унагадаг байна.

Тэр бүү хэл энэ гэр бүл  Арабын эмираатууд зэрэг гадаад орнуудад оффшор данс үл хөдлөх хөрөнгөтэй ажээ.


Холбоотой мэдээ