АРДЫН НАМЫН “ЗОДООН” НАМЗХ-НООС ЭХЭЛЛЭЭ
Улс ТөрУ.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй Ардын намынхан “хотын” гэгддэг М.Энхболдын фракцийг унагасан цагаасаа хойш таван жилийн турш дотоодын “салан тусгаарлалтгүй” явсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч одооноос буюу намын даргынхаа эзгүй энэ цагаас эхлээд МАН-ын дотоодод жинхэнэ асуудал үүсч эхлэв бололтой.
Өчигдөр МАН-ын хувьд стратегийн маш чухал "фронт" болох НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Гэвч хурал болсон биш гай болов. Учир нь НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга зэрэг албан тушаалд очсон тул өчигдөр түүний орны хүнийг тодруулсан. Удирдах зөвлөлийн хуралд эзгүй байгаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бодлогоор Б.Золбадралыг дэвшүүлжээ. Гэтэл залуучууд нь гаднаас шууд “шидэгдэж” буй түүнийг дургүйцэж, НАМЗХ гэдэг байгууллага үүх түүхтэй, тогтсон мерит зарчимтай хэмээн намын бодлогыг сөрсөн байна. Ингээд Удирдах зөвлөл дээр санал хураахад залуус нь олноороо тас эсэргүүцэж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлсэн хүнийг унагав. Саналын хуудсыг тоолоход Удирдах зөвлөлийн 40 гишүүний 14 нь Б.Золбадралыг дэмжиж, үлдсэн 26 нь намын даргынхаа эсрэг сөржээ.
Энэ бол үндсэндээ намын дарга болон удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн хүний зоригтойгоор унагачихлаа гэсэн үг. Энэ нь дээр өгүүлсэн шиг М.Энхболдыг татаж унагах үйл явцаас хойш Ардын намын аль ч шатанд гараагүй цочир үзэгдэл. Ингээд зогсохгүй хүчийг мэдэрсэн НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очбаярыг нэр дэвшүүлж, санал хураалтад оруулах гэсэн боловч УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал болон намын удирдлагууд нь уг саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн Б.Золбадрал ч, НАМЗХ-ны залуучуудын мерит зарчмаараа зүтгүүлсэн Э.Очбаяр ч хаа хаанаа дэмжигдэхгүй асуудал мухардалд оржээ.
Ингээд дарга нар болон залуусынхаа дунд ацан шалаанд орсон Н.Учрал дотроосоо томилно гэсэн үгэндээ хүрэхийн тулд арга ядахдаа НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Б.Оргилыг нэр дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн туслах н.Галсан, УЗ дээр унасан Б.Золбадрал нарыг нарийн бичгийн даргаар тус тус томилуулаад өдөржин зутагнасан “бантан” нь, үдээс хойш арай хийж түүхий нойтон нь ч мэдэгдэхгүй хачин юм болж дуусчээ.
Ардын нам дотор намын дарга маш хүчтэй нэр нөлөөтэй. Даргын гаргасан бодлогыг намын үүр хүртлээ нүдээ аниад л шууд дэмждэг онцлогтой нам. Гэтэл нам доторх анхны шахуу томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бодлого дөнгөж залуучуудын байгууллага дээрээ л бүдэрчихлээ. Энэ юуны дохио вэ. Гаднаас хүн томилох гэж оролдсон, мерит зарчмаар дотроосоо зүтгүүлсэн хүнийг нь хүчээр унагасанд Ардын намын залуучууд маш их ууртай байгаа бололтой. Ялангуяа орон нутгийн залуучууд сүүлийн хэд хэдэн багц томилгоонд дан гаднаас хүмүүс оруулж байгаад туйлын бухимдалтай хандаж байгаа гэнэ.
Ийнхүү овоо нэг хэрүүл, уруулаа дарж ядан байсан НАМЗХ-ны залуучууд дахин хоёр хуваагдах үүд хаалга нээгдэв. Тун удахгүй НАМЗХ-ны Бага хурал болно. Сая томилогдсон нөхрийг Бага хурлаасаа жинхэлнэ. Гэвч туршлагагүй, гаднаас шууд ирсэн хүнийг дэмжихгүй гээд өнөөдрийнх шиг залуучууд нь гэдийчихвэл Н.Учрал ч яаж ч чадахгүй. Энэ янзаараа НАМЗХ-ны Бага хурал ихээхэн галтай, залуучуудын халуухан эсэргүүцэлтэй болох тал руугаа явчихлаа. Бүр НАМЗХ Их хурлаа ч зарлаж магадгүй нөхцөл байдал үүсэхгүй үгүйсгэхгүй.
Таван жилийн өмнөх Ардын намын бужигнаан Засгийн газраасаа эхлээд УИХ, нийслэл, орон нутаг, НАМЗХ гээд залуучуудын байгууллага дээрээ ирээд дуусч байсан. Тэгвэл энэ удаад НАМЗХ-ноос эхлэх гэж байна. Хэрвээ ийм тэсрэлт болвол нийслэл, орон нутаг болон намын шат шатанд ажил, албан тушаалд очиж чадаагүй залуучуудын дургүйцэл шууд ил гарна. Үүн дээр нь намын удирдлагуудтайгаа таарамжгүй байгаа УИХ-ын гишүүд, зарим аймгийн намын хорооны дарга нар уухайн тас хүч түрээд ороод ирнэ. Ингээд Ардын намын шинэ “зовлон" эхэлж, Монголын улс төр бужигнаж мэдэх юм. Гэхдээ Ардын намын асуудал үеийн үед Монголын асуудал болон өргөжиж байж дарагддаг байсан түүхтэй.