Бангладешд үүссэн үер Рохинжа үндэстний хуаранг сүйтгэлээ
ДэлхийБангладеш улсын Кокс Базаар хотод энэ долоо хоногийн турш орсон их усан борооны улмаас тус хотод байрлах дүрвэгсдийн хуаранд үер бууж, хөрсний нуралт үүссэн талаар өчигдөр /07.30/ НҮБ-ийн болон бусад албаны хүмүүс мэдээллээ.
Үерийн улмаас тус хуаранд амьдардаг зургаан рохинжа үндэстэн, 15 бангладеш иргэн амиа алдаж, 200 мянга гаруй хүн үерийн усанд боогдсон тухай хотын захирагч Мамунур Рашид мэдэгдэв.
Кокс Базаар хотын хилийн дүүрэгт байрлах дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранд 2017 онд Мьянмар улсад үүссэн цэргийн нөхцөл байдлаас дүрвэн ирсэн нэг сая орчим Рохинжа үндэстэн амьдардаг.
Тэдний амьдардаг оромж болох хулс, пластик материалаар хийсэн сууцыг үерийн ус юу ч үгүй урсгасан бөгөөд Рохинжа хүүхдүүд цээжээр татсан усанд тоглож буй байдлыг телевизээр цацан харуулжээ.
“Энэ яг л хар дарсан зүүд шиг байсан” гэж Ислам шашинт Рохинжа үндэстэн Рокея Бегум телевизэд өгсөн яриандаа өгүүлжээ.
“Би энэ кампуст дөрвөн жил амьдрахдаа хэзээ ч ийм аймшигтай үерийг харж байсангүй.
Үер буух үеэр надад туслах хэн ч байгаагүй.
Би гэртээ ганцаараа байсан ч хэрэгтэй зүйлсээ авч үлдэж чадсан” гэжээ.
НҮБ-ийн Дүрвэгсдийн агентлагаас мэдээлснээр үерт 21 мянга гаруй дүрвэгч өртөж, 4000 орчим хоргодох байр эвдэрч сүйджээ.
Эх сурвалж: Reuters