Шатахууны үнэ өсч, дельта вирусийн тархалт 40-80 хувиар нэмэгдэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-01 22:35:30

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ 2-3 ДАХИН ӨСЧЭЭ

Бүтээн байгуулалтын саруудад түм түжгэнэж байдаг захын гудамж, лангуу аль аль нь хоосорчээ. 
Хүнгүй дээрээс нь зарим бараа материал нь тасалдаж, үнэ нь 2-3 дахин нэмэгдсэн байна. 
Иргэдийн хэлснээр арматур, вакум цонхны үнэ 2-3 дахин нэмэгдсэн нь орон сууцны квадрат метрийн үнэ өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ.

Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын материалын бараа, бүтээгдэхүүн авахаар нийслэл төдийгүй орон нутгийн иргэдийн зорьдог газар бол 100 айлын барилгын материалын зах. 

Газрын маргаанаас болж нүүлгэн шилжүүлэх, үнийн хөөрөгдлөөс хамаарч захыг торгох асуудлууд яригддаг ч өнөөх хөдөлгөөн өвөл, зуны алинд ч их хэвээр байсаар ирсэн. 

Харин хавраас эхлээд барилгын материалын үнэ ханш огцом өссөн талаар иргэд төдийгүй худалдан борлуулагч, үйлдвэрлэгчид ярьж байгаа юм. 

Үнийн өсөлтийг дагаад үйлчлүүлэгчийн тоо ч буурчээ.

Вакум цонхны үйлдвэрлэл эрхлэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн жилээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор шил болон цонхны хуванцар хүрээ, түгжээ, нугас, бариул зэрэг барааны үнэ нэг дахин нэмэгдээд байсан бол сүүлийн хөл хорионоос хойш барааны хомстол үүсч үнэ огцом өсчээ.

ДЕЛЬТА ВИРУСИЙН ТАРХАХ ЧАДВАР 40-80 ХУВИАР НЭМЭГДСЭН


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Лхагва гаригт /2021.07.28/танилцуулав. 

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж, бүрэн тунд хамрагдуулсан ч тайвшрах цаг болоогүй байгаа гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.

Монгол Улсад цар тахлын мутацлагдсан вирус хувилбар буюу дельта хувилбар бүртгэгдсэн тухай танилцуулсан. 

Өөрөөр хэлбэл, дэлхийн 124 улсад тархаад буй дельта хувилбарын вирус нь маш өндөр хурдаар өвчлөлийн хүндрэл их байдаг. 

Дельта вирус нь тархах чадвар нь анхны хувилбараасаа 40-80 хувиар нэмэгдсэн. Ингэснээр эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин нэмэгдлээ.

Мөн есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийг эхлүүлэх хуультай. Хичээл сургуулийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг салбарын сайд, яамдын удирдлагуудад өгсөн. 

Энэ хүрээнд Л.Энх-Амгалан тодорхой мэдээллийг хүргэсэн. 

Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэсэн хүлээлтийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийнэ.  

Өвчний нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл сургуулийн асуудлыг шийднэ” гэдгийг онцлов.

ТӨРИЙН ЗҮГЭЭС ШАТАХУУНЫ ҮНИЙГ ХЯНАХ БОЛОМЖГҮЙ

ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр өссөнөөс тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 29-нд Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэхдээ "Шатахууны нөөцөө тасалдуулахгүй байх нь чухал. Гадаад зах зээлд үнийн өсөлт үүсч байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай байна. Шатахууны нөөц, чанарын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Төрийн зүгээс шатахууны үнийг шууд хянах боломжгүй. Хуулийн заалтын дагуу гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн хэлбэлзлийг харгалзаж хяналт тавьдаг. Үнэтэй холбоотойгоор чанар, нөөцийн асуудлыг ярьдаг. Монголд дээрх шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа. Одоогоор АИ-95, АИ-98 шатахууныг Хятадаас импортлохоор бэлтгэж байна. ОХУ-тай харьцуулахад Хятадын шатахууны үнэ өндөр байдаг. ОХУ-аас АИ-92 автобензинийг 1900-2000 төгрөгөөр авч байсан. Харин Хятадаас үүнээс илүү өндөр үнээр авна гэсэн үг. Газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ өссөөр байгаа. Тиймээс зах зээлийн зарчмыг дагаад өссөн үед нь өсөөд буурсан үед нь буурахаар зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийн өсөлтийг үндсэн гурван чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хянасан. Тухайлбал,

  • 2018 нэгдүгээр сараас АИ-92 автобензиний онцгой албан татварыг  тэглэсэн.
  • Олон улсын компанитай гэрээ байгуулж, АИ-92 автобензиний үнийг бууруулах боломжтой болсон.
  • Гадаад зах зээл дээр үнийн өсөлт явагдсан ч аж ахуй нэгжүүдтэй зөвшилцөж үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарсан. Харин долдугаар сард үнэ өссөн" гэв.
Холбоотой мэдээ