Сангийн яам 6 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгож байна
НийгэмЦахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яам хуульд заасан тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог боллоо.
Одоогийн байдлаар тус яам болон түүний харьяа байгууллага нийт 12 тусгай зөвшөөрөл, нэг эрх, 3 зөвшөөрөл олгож байна.
Сангийн яамнаас дараах 6 төрлийн тусгай зөвшөөрөл, нэг эрхийг цахимаар олгож байна. Үүнд:
- Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл,
- Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл,
- Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл,
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл болон Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгодог.
Мөн Гаалийн ерөнхий газраас дараах зургаан тусгай зөвшөөрөл, гурван зөвшөөрөл олгодог. Үүнд:
- Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Гаалийн хяналтын бүс тогтоох,
- Түр агуулахын зөвшөөрөл олгох,
- Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох.
Дээрх зөвшөөрлүүдийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудаас олгож ирсэн. Уг хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаатай олгож, мөн 3 жил тутам дахин баримт бичиг бүрдүүлж, хугацааг нь сунгуулдаг. Цаашид Сангийн яам болон харьяа байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлүүд зөвхөн цахим хэлбэрээр олгодог болж байна.
Иргэн, ААН-үүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хэрэгцээт тусгай зөвшөөрлийн хүсэлтээ https://license.mof.gov.mn цахим хуудсанд илгээснээр систем автоматаар хянан, хариу болон баркод бүхий тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргагчид илгээдэг болж байна.