Улсын хэмжээнд он гарсаар 20 хүүхэд зам тээврийн ослоор амь хохирчээ.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-03 10:44:17


Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар 2011-2020 оны хооронд хүүхэд өртсөн зам тээврийн нийт 9779 осол бүртгэгдэж, осол хэргийн улмаас 10332 хүүхэд гэмтэж, 485 хүүхдийн амь нас хохирсон байна. 

Зам тээврийн ослын улмаас 2019 онд 59, 2020 онд 64, энэ оны эхний 6 сарын байдлаар 20 хүүхдийн амь нас хохирсон байна. 

Хүүхдийг зөв тээвэрлээгүйгээс болж бага насны хүүхэд хөгжлийнбэрхшээлтэй болох, хүнд хөнгөн гэмтэх, цонхоороо шидэгдэх, амь насаа алдах тохиолдол их гарч байгаа бөгөөд он гарсаар 158 хүүхэд гэмтсэний 91 нь нийслэл хотод гэмтсэн бол 81 хүүхэд нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолдсон байна. 

2021 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэг, сургууль ороогүй, хүүхдүүд гэр гэртээ хөл хорионд байсан боловч эцэг эхчүүдийн хараа хяналтанд байхдаа ч хүүхдүүд зам тээврийн осолд өртсөөр байна.

Зам тээврийн албанаас “Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл – 2021” арга хэмжээний хүрээнд мотоциклтэй хүмүүсийг жолооны сургалтанд хамруулж А ангилалын үнэмлэхтэй болгох, хамгаалалтын малгайг өмсүүлэх, бага насны хүүхдэд тээврийн хэрэгслийг шилжүүлэхгүй байх, осол аваарын хор уршгийг таниулах, тухайн аймаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажил арга хэмжээнд татан оролцуулж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах зааврыг хүргүүлээд хяналт тавин ажиллаж байна.

Ярилцлага: Хошууч Н. Шинэбаатар (Хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах)

2011-2020 оны хооронд хүүхэд өртсөн зам тээврийн нийт 9779 осол бүртгэгдэж, осол хэргийн улмаас 10332 хүүхэд гэмтэж, 485 хүүхдийн амь нас хохирсон. 

Тухайлбал зам тээврийн ослын улмаас 2019 онд 59, 2020 онд 64, энэ оны эхний 6 сарын байдлаар 20 хүүхдийн амь нас хохирсон.  

Зөвхөн 2020 онд амь хохирсон 64 хүүхдийг аваад үзэх юм бол 30 хүүхэд нь авто машинаар зорчих үедээ зориулалтын хамгаалалтын суудалд суугаагүй, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас автомашин мөргөлдөх, онхолдоход автомашины цонхоор шидэгдэж нас барсан байна. 23 хүүхэд нь эцэг эх, асран хамгаалагч нь хашаандаа байрлуулсан автомашиныаа хөдөлгөөнийг тойрч шалгаагүйн улмаас амь нас хохирсон байна. 

10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас 7 хүүхэд автомашинд мөргүүлж, амь нас нь хохирсон байна.

Ярилцлага:П. Баярсайхан (Мэс заслийн ерөнхий эмч)

2021.07.09-нөөс 2021.07.17-ны хооронд нийт 3617 хүн гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлсэн байна. Үүнээс 457 хүн нь авто ослын улмаас гэмтсэний 120 нь 0-16 насны хүүхэд байсан. 

Сүүлийн үед авто осол харьцангуй ихсэж байгаа. 

Авто осолд голцуу бага насны хүүхдүүд ихэвчлэн өртөж байна. 

Тээврийн ослын улмаас дийлэхдээ гардаг хүнд бэртэл гэмтэл гэвэл гавал яс, тархи, нуруунугасны гэмтлүүд буюу хүний амь нас, эрүүл мэндэд маш их хор нөлөө үзүүлдэг гэмтлүүд байна.

Ярилцлага: Хошууч Н. Шинэбаатар (Хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах)

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 онд “Бяцхан зорчигч”, 2021 оны эхний хагас жилд “Хүүхдэд ээлтэй жолооч” арга хэмжээг тус, тус зохион байгуулаад явж байна. 

Мөн дээрээс нь орон нутгийн замд гардаг зам тээврийн ослыг бууруулах,ялангуяа хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны эхний 6 сарын байдлаар “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай “Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл-2021” арга хэмжээг зохион байгуулаад явж байна. 

Иргэд, асран хамгаалагч, эцэг эхчүүдэд нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа хэдий ч зарим нэг эцэг эх, асран хамгаалагчдын буруутай үйл ажиллагаанаас болж 2021 оны эхний хагас жилд нийслэлд 6, орон нутагт 14 хүүхдийн амь нас хохирсон байна.

Эдгээр хүүхдийн 90 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж амь хохирсон байна.


Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ