Сибирьт түймрийн улмаас өдрийн тэнгэр улаанаар эргэжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-04 14:17:13

Сибирийн хойд хэсэгт дэгдсэн ойн түймрээс үүдэлтэй их хэмжээний утаа нарыг халхалж улаанаар туяарч байгаа талаар Moscow Times мэдээллээ.

Түймэр ОХУ-ын зүүн хойд хэсэгт байрлах тус улсын хамгийн хүйтэн бүс Якут буюу БН Сахад гарч байгаа бөгөөд сүүлийн таван сарын турш үргэлжилж байна.


Түймрийн цар хүрээ Дархан-уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын газар нутгийн хэмжээнээс давсан бөгөөд түймрийн идэвхтэй улирал дуусахад сарын хугацаа үлдсэн.


Утаанаас үүдэлтэй манан, тоосонцор үзэгдэх орчныг хязгаарласны улмаас Мирны хотод онгоц нисэх боломжгүй болжээ.

Өвөлдөө цельсийн -60 градус хүрдэг тус бүс нутагт сүүлийн 150 жилд байгаагүй халуун болсон нь түймэр гарах шалтгаан болсон байна.


Газар нутгийнх нь 80 гаруй хувийг тайга эзэлдэг Саха нь ой хээрийн түймэрт өртөмтгий бүс нутаг боловч уур амьсгалын өөрчлөлт түймрийн хэмжээ, давтамжийг нэмсээр байна.

Түймрийн утаа амьсгалын замын эрхтэн тогтолцоог гэмтээснээр дархлаа суларч болзошгүй бөгөөд улмаар COVID-19-ийн нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй байгаа аж.

2019 оны Сибирийн түймрийн улмаас 26 мянган км.кв буюу Бельги улсын газар нутагтай дүйцэхүйц газар шатаж түймрийн утаа Омск, Новосибирск хотуудыг хамарсан билээ.

Эх сурвалж: MoscowTimes, SiberianTimes

Холбоотой мэдээ