Коммунизмын хий үзэгдлүүд Төрийн ордноор тэнэж явна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-05 04:50:33

Ямар ч дарангуйлал үлгэр шиг өнөөдрийн асуудлыг шийдэж, үлгэрийн мэт амлалтаар эхэлдэг билээ. Үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөггүй ч амар сайхандаа жаргадаг. Харин бодит амьдрал дээр амар сайхандаа жаргахыг тэнгэр дэвшсэн хойноо л үздэг.

Коммунизмын эцэг Карл Хайнрих Марксын бичсэнчлэн хий үзэгдэл Төрийн ордонд тэнэж явна, коммунизмын хий үзэгдэл.-

Хоёр хөрш маань сансрын аялал жуулчлалыг хүн төрөлхтөнд санал болгож байхад манай төр засгийн удирдлагууд 400 сая жуулчин авчрах тухай үлгэр ярьж, амьтан хүн алмайруулсан. Одоо тэгээд хийж, хэлэлцэж байгааг нь харжээ суухад нөгөө олон сая жуулчдаа хүлээж авахад бэлтгээд л байгаа бололтой юм. Хөвсгөл далайд тэртээ 1986 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргана л гэнэ, андлалын хөшөөгөөр аялуулж, өглөөний гудамжинд цайлж, бамбарууш кафедаа суулгах байх даа бодвол.

Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхэд ганцхан чиглэл өгөөд 100 төгрөгөөр бууруулж гялайлгасан. Цар тахлыг тогтоон барьсан туршлагаараа дэлхийд шагшигдсан баримтат кино хийлгэхээр бэлтгэж ахуйд өнөөх нь гэрлийн хурдаар тарж, хэд хэдэн хувилбараар монголд дэгдээд мянга мянгаараа өвчилж, үрэгдээд эхлэхтэй зэрэгцэн Ковидын хуулиа сунгаж, татварын мөнгийг салхинд хийсгэсээр… Улаан залаат хөх монголчууд хөгшин хөвөөгүй үлгэрт дуртай хэвээр. Аль амныхаа зоргоор бурсанд нь итгэл хүлээлгэсэн. Золоор одоохондоо зовсон ч өөрийн эрхэнд зовж буй нь олзуурхууштай.

Монгол хүний цог заль, хийморь лундаа, сэтгэл юуг нь өргөх зорилготой гэх асар үнэтэй клип, коммунист бүтээн байгуулалтыг магтан дуулуулахаар зарласан уралдаан, наадмын төсвийн зарцуулалт өнөө хэр шилэн дансанд шивэгдсэнгүй. Захиалагч хийгээд гүйцэтгэгч, “Удирдаач хийгээд хөгжимчид” нь усанд хаясан чулуу мэт сураггүй болсныг бодвол олсон хэдээрээ наргиж зугаацаж яваа биз. Олимпын шуугианд дарагдаад олон нийт одоохондоо нам жим. Монгол хаашаа яваа нь биш “Молом”-ыг яаж угтав гэдэг дээр акцент өгөх нь гэнэн хийгээд цайлган…

…Миний ардын сэтгэл цагаан. Гэвч аажим аажмаар тамирдаж, ялих шалихгүй халамжид нүд нь сохроод удлаа. Энэ зуурт эрх чөлөө, үзэл бодол, чөлөөт зах зээл гээд ардчиллын үнэт зүйлс болгон руу төрийн эрх мэдэлтнүүд халдаж, боомилох явдал удаа дараа гарах болов. Ингэхдээ иргэдийн санал бодлыг эхэлж тандах нь сурамгай. Олон нийтийн сэтгэл зүйг танадаж, эд эсийг нь үхүүлэн бухимдуулсны дараа сая утгагүй шийдвэрээсээ татгалзан гэгээнтний дүр эсгэх авай. Эмгэнэлтэй нь, төрийн хэрэг тамхины цэг хавиар. Утаа үлээх мэт сэвсэн нь албан мэдээтэй яг таг таарахыг яана. Бид урагшлах бус ухарчээ.

ПОПУЛИЗМААС ЦЭРЭГЖИЛТ

“Зээл тэглэнэ” гэж сонгогдсон удирдагчийн популист үйлдэл яван явсаар цэрэгжсэн бүтээн байгуулалт руу шилжив. Монголд мянга мянган залуус ажилгүй, хэдэн зуун барилгын компанид байсаар байтал ажлыг нь төр булааж цэргүүдээр төмөр зам бариулав. Хувьсгалаас хувьсах нь илүү хэцүү ажээ. Ажилгүй, орлогогүй монголчуудын сэтгэлийн мухарт дараатай байсан хуучнаа санагалзах хүсэл үүнийг аяндаа хүлээн зөвшөөрөв. Коммунист үзэл амь орж, хувийн өмчийг жигшин зэвүүцэж, хэний ч биш болгохыг шаардав. Олон зуун компани Ковидоос илүү төрийн энэ мэт шийдвэрийн балгаар хаалгаа үүдээ барьж, дампуурлаа.

Тус тусдаа байх ёстой институциуд нэг баг болж үүнийг дэмжсэн билээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжсэн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх цэргийн бэлтгэл хүчний холбоог байгуулж, УИХ-ын дарга нь цэцэг өргөх ёслолд хэрхэн хөл тавин алхаж буйгаа намын даргадаа харуулахыг хичээж, төрийн сайд хууль, хүчнийхэнтэй очиж уурхайг улсын мэдэлд авч, мачо улс төр Монголоор нэг цэцэглэв. Өнөөдөр төрийн сэтэртэй хэн бүхэн цэрэг хувцсаар имиж бүрдүүлж байна. У.Хүрэлсүх:

-Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. 2020.09.07

Ингэж чөлөөт зах зээлийг үгүйсгэсэн хүн өнөөдөр Ерөнхийлөгч болжээ. Түүний дур хэрхэн ханахыг чөтгөр бүү мэд. Тангараг өргөхдөө хэлсэн үгэнд нь 27 удаа “төр”, 3 удаа “хүний эрх” гэсэн үг давтагдсанаас харвал бүүдгэр өдрүүд айсуй.

ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДӨЛ БУЮУ УХРАЛТ

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо хуучны “Бамбарууш” кафег буцаан сэргээхээр болов. Дутуу, дулимаг хөдөөгийн буйдхан тосгонд төрж өссөн хүний хувьд тэрхүү кафед хүүхдийн баяраар ганц удаа орж, хариуд нь бүтэн жил онц сурах даалгавар авдаг байснаа ихэд бахдалтайгаар дурсана лээ. Дутуугийн комплекс хэцүү. Бидний хүүхэд насанд эмээгийн авдрыг онгойлгоход мандарин, алим ханхлаад байсан нь чанартайдаа бус ховордоо байсан юм шүү дээ. Бамбарууш кафе ч бас л гоёдоо биш жилдээ ганц нэгхэн ордог, цөцгийтэй банш айл болгон хийдэггүй байсандаа л учир нь бий. Хонь, ямааны гуравдугаар зэргийн мах, гэдэс цувдай, хольцгүй талхаар тэр нийгэм тансагласан билээ. Харин одоо цаг өөр болсон. Хүүхдүүдийн үзэж, харах, амтлах мэдрэмж тэс өөр болсон. Тэгээд ч хүүхдүүд сургууль, цэцэрлэгээр дутагдсан өнөө цагт Ерөнхий сайдын бодох асуудал энэ огт биш. Тэр бас эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах тухайгаа очиж очиж жендерийн хурал дээр хэлсэн. Хойд Солонгос, БНХАУ-д бол байж болно. Залуусын идэж, уухыг заадаг, эмэгтэйчүүдийг зэвсэг агсуулах бодол хүний эрхийг дээдэлдэг улсын Ерөнхий сайдаас гарвал өөрийнх нь бүрэн эрх дуусна. Нийтийн биеийн тамирыг ч бас сэргээх тухай тэр нэгэнтээ ам алдсан. Дутуугийн комплекс хэцүү. Дутуугийн комплекстой төр, засгийн удирдлагатай байх түүнээс ч хэцүү…

Л.Оюун-Эрдэнэ:

-Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна. 16,17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог.

ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ ХАМ ШИНЖ АЖИГЛАГДСАН НЬ

Хоёр хоногийн өмнө, зуун жилээ тэмдэглэх гэж буй холбооны залуу удирдагч УИХ-ын даргатай уулзсан мэдээ нүд бүлтийлгэв.

Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болсон гэнэ. Үүнийг нь УИХ-ын дарга уухайлан дэмжиж Бүр УИХ бүхий л талаар дэмжиж , ажлын хэсэг гаргахаа ч амлажээ.

Энэ мэтээр коммунизмын хий үзэгдлүүд Төрийн ордонд амь орж байна. Сошиал ертөнцөд Монголын эх орончдыг үй олноор нь үгүй хийсэн Х.Чойбалсан шиг чадалтай удирдагч байгаагүй мэтээр сэвж байна. Ардчилсан нийгэмд коммунист нийгмийн дарангуйлагчийг амьгүй албат л магтан шагших билээ. Байгаад парламентын гишүүд Ардын хянан шалгах хороо шиг бүтэц бий болгохоор санаачилж явна. Шүүх засаглалд бүх бурууг чихдэг хэр нь өөрөө салбарыг нь хамгийн удаан удирдсан улстөрчийг ордонгоо амбаар гэхэд итгэдэг ард түмэн билээ, бид.

Болдогсон бол… тэрхүү нийгмийн дуунд гардагчилан,

-Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байсан бол… тэднийг буцаамаар.

ҮЛГЭР БОЛГОН АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСДӨГГҮЙ

Үзэсгэлэнт охин мангасаас аавыгаа аврахын тулд өөрийгөө золин барьцаанд үлдэж, хүчирхийлэлд нь байснаар дурлаж, бүр хайртай болсноор хараалыг арилгаж аз жаргалтай төгсдөг үлгэрийг “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” гэдгээр нь өнөөгийн хүүхдүүд андахгүй. Тэгвэл үүнийг сэтгэцийн эмч нар Стокхольмын синдром гэх агаад хүчирхийлэлд өртсөн хохирогч өөрт нь өчүүхэн төдий нааштай хандахад хүчирхийлэгчид сайн хандаж, ашиг сонирхлыг нь биелүүлэхэд бэлэн болдог сэтгэл зүйн эмгэг ажээ. Нөхөртөө зодуулаад байдаг хэр нь “Уухгүй бол сайн хүн л дээ” гэдэг эмэгтэйчүүд ийм сэтгэл зүйтэй болчихсон байдаг гэсэн үг.

Бид нийгмээрээ ийм л “хауст” орчихлоо. Цар тахлын үеэр бүр ч их автсан. Хөл хориог нийтээрээ эсэргүүцэж байснаа бэлэн мөнгө тарааж байгаад хөл хорино гэхэд хэчнээн нь чимээгүй болсныг санаж байгаа биз. Үр дүн нь өнөөдрийн үнийн хөөрөгдөл, эдийн засгийн уналт. Цаашид ч тэд барьцаа ахиулсаар байх болно.

Ямар ч дарангуйлал үлгэр шиг өнөөдрийн асуудлыг шийдэж, үлгэрийн мэт амлалтаар эхэлдэг билээ. Үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөггүй ч амар сайхандаа жаргадаг. Харин бодит амьдрал дээр амар сайхандаа жаргахыг тэнгэр дэвшсэн хойноо л үздэг. Тиймээс ч тэнүүлчлээд байгаа коммунизмын хий үзэгдлүүдийг үлдээлгүй хөөх хэрэгтэй байна.

Монгол хүний гэгээн ухаанд  би итгэдэг

Холбоотой мэдээ