Л.Эрдэнэчулуун: Ачаа тээврийг саатуулахгүйн тулд шинжилгээний хариуг 24 цагт гаргаж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-05 06:05:36

Замын-Үүд боомтод хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу ариутгах байгууламж байгуулснаар өдөрт мянган машин халдваргүйжүүлж байна.

Ариутгалын байгууламж 2 талдаа тус бүр бодисын 5 тонн нөөцийн савтай, үйл ажиллагаа нь жигдэрсэн хэмээн МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүд боомтын зөвлөлөөс долоодугаар сарын аравнаас өнөөдөр хүртэл хийсэн ажлаа танилцуулахдаа онцлов. 

Хилийн бүсэд байрлах хяналтын цэгийг сайжруулж, “улаан”, “шар”, “ногоон” бүс тогтоожээ. Халдвар хамгааллын дэглэм барих үүднээс “улаан” бүсэд термокамер байрлуулан, тусгайлан ажиглах байр гаргаж, хамгаалах хувцас тайлах болон халдваргүйжүүлэлтийн бүртгэлийн цэг, аюултай хог хаягдлын цэг ажиллуулаад байна.

Хорь гаруй хоногт 12 бүсэд импортын 10 836 тээврийн хэрэгслийг хянажээ. Тодруулбал, 2854 автомашин, 433 вагон, 2312 чингэлэг, 5237 транзит чингэлэг вагонд шалгалт хийсэн. Экмпортын нийт 7246 буюу 1963 автомашин, 5283 вагонд хяналт тавьжээ. 

“Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд зөрчил дутагдал их илэрч байна. Нийт 24 аж ахуйн нэгжийн 541 тн, 324 кг, 85167 ширхэг бараа бүтээгдэхүүнд зөрчил илрүүллээ. Хаяг, шошго тодорхойгүй 16 тн хатаасан үзмийг улсын орлогод авч, “Дийлэгч тэнгэр” компанийн, бичиг баримтын зөрчилтэй транзит тээврийн 16 чингэлэг 392.1 тн рафсын үрийг буцаасан. Гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй 12.6 тн шар будааг устгасан. Хууль бусаар оруулж ирсэн, шинжилгээ нь “эерэг” гарсан цагаан будаа, нэг удаагийн амны хаалт, бээлийг хураан авч устгуулахаар сумын зөвлөлд шилжүүлсэн” зэргийг Л.Эрдэнэчулуун дурдав. 

Түүнчлэн, экспортын хяналтыг 85 аж ахуйн нэгжийн 131 машин, 5387 вагонд хийж, 382 ширхэг мал, амьтны гаралтай түүхий эдэд зөрчлийн арга хэмжээ авсан аж. 

Энэ хугацаанд лабораторийн дээж авах явцыг сайжруулсныг тэрбээр дурдаад, "Эрээнээс Замын-Үүд орж ирсэн ачаа тээврийг саатуулахгүйн тулд шинжилгээний хариуг 24 цагт гаргаж байна. Өнгөрсөн сарын аравнаас өнөөдөр хүртэл 408 дээж авч 2405 үзүүлэлтээр үзэхэд 12 сорьц “эерэг” гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ боомтын ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна” хэмээлээ. 


Холбоотой мэдээ