“Дүүжин тээвэр" төсөлд францын 12 мэргэжилтэн ажиллана

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-05 23:44:50

Засгийн газраас энэ оны долдугаар сарын 7-ны өдөр гадаадаас уригдан ажиллах мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл,  ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоол гаргажээ. 

Уг тогтоолд "Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлэх “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-ын 12 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2021 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй" гэж дурдсан байна. 

Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөр эрхлүүлэх, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Улсын oнцгой комиссын дарга С.Амарсайханд тус тус даалгажээ.

Ташрамд мэдээлэхэд “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-ыг төсөл гүйцэтгэх явцад захиалагчийг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор 2020 онд байгуулсан. Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ "Агаарын дүүжин тээврийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дууссан. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Улмаар дүүжин тээвэр 2021 оны зургадугаар сард ашиглалтад орно" хэмээсэн билээ. 

Холбоотой мэдээ