“Тугчид амжилт гаргадаггүй” буюу тамирчдын мухар сүсэг
Сонин ХачинХүний амьдралд, салбар бүрт л элдэв мухар сүсэг, дадал, итгэл бишрэл байсаар ирсэн.
Хол газар явахдаа цаг товлодоггүй гэх зэргээр ахуйд олон сүсэг байдаг бол тамирчид ч тэмцээн уралдааны үеэр өөрсдөө итгэдэг, дагадаг зан үйл бий.
Тугчин амжилт гаргадаггүй
Олон улсын тамирчдын дунд “Олимпын туг барьж алхах нь муугийн ёр” гэсэн мухар сүсэг бий.
Тиймдээ ч дэлхийн олон алдартан олимпын наадамд шигшээ баг нь оролцоход тугчин болохоос зайлсхийдэг гэх.
Туг барьж алхвал олимпод амжилт гаргаж чаддаггүй гэж итгэн, үүний баталгаа болгон олон жишээ нэрлэдэг ч тугаа ч барьж, амжилтаа ч гаргаж байсан тамирчид бишгүй.
Сахлаа хусдаггүй хоккейчид
Хамгийн сүсэгтэй хүмүүсийг хоккейчид гэж болно.
Тэдний дунд маш олон мухар сүсэг бий.
Хамгийн энгийнээс эхэлье.
Тэд шийдвэрлэх тоглолтын өмнө ямар ч зураг авахуулдаггүй, хувцас солих өрөөнд огт ярьдаггүй.
Хоккейчид цохиуртаа ихээхэн хүндэтгэлтэй хандана.
Өөрсдөө бэлдэж, арчиж, цохиуртайгаа ярина.
Түүнчлэн багтаа амжилт дуудахын тулд хаалгачийн хөлний хамгаалалтыг цохиураараа тонших ёстой гэдэгт хоккейчид итгэдэг.
Ингээд ч дуусахгүй.
Плей-офф эхлэхээс өмнө, цомын тэмцээнд бэлтгэх үеэрээ хоккейчдын ихэнх нь сахлаа ургуулж эхэлдэг гэнэ.
Тиймдээ ч “плей офф сахал” гэсэн нэршил үүсчээ.
Гольфчид тоонд анхаардаг
Гольфчид тоонд ихээхэн ач холбогдол өгдөг.
Дөрвөөс дээш тоотой бөмбөгнүүдийг азгүйдэл дуудна хэмээн үздэг гэнэ.
Тэмцээн эхлэх үе ч ёс жаягтай.
Гарааны талбай дээр хамгийн түрүүнд сондгой дугаартай клубүүд гарна.
Мөн гольфчид халаас, гутландаа зоос хийн, ингэснээр амжилт дууддаг хэмээн итгэдэг гэнэ.
Хөлбөмбөгчдийн аз дууддаг хувцас
Хөлбөмбөгчдийн бүхий л мухар сүсэг нь хувцас хэрэглэлтэй нь холбоотой.
Тамирчин бүрт хайртай пүүз эсвэл өөр нэг хувцас хэрэглэл байх бөгөөд гоол их оруулах, амжилттай тоглохын хэрээр тухайн үед өмсөж хэрэглэж байсан зүйлсээ нандигнан, хамгийн хариуцлагатай мөчид өмсдөг гэнэ.
Түүнчлэн тамирчид талбай дээр гарахдаа баруун хөлөөрөө түрүүлж алхахыг эрмэлздэг. Ингэснээр "аз дуудна" гэж үздэг бөгөөд үүнд итгэдэг гэдгээ алдарт хөлбөмбөгчин Криштиану Рональду ч хэвлэлийнхэнд ярьж байв.
Олон тамирчдын адилаар хариуцлагатай тэмцээний өмнө хөлбөмбөгчид элдэв таамаглал, ярилцлага өгөх, зургаа авахуулахаас зайлсхийдэг.
Гутлаа “халаадаг” сагсчид
Сагсан бөмбөгийн тамирчид яг л хөлбөмбөгчид шиг хувцас хэрэглэлд онцгой анхаарна.
Алдартай тамирчид тоглолтын танхимд орохдоо хуучин пүүзээ өмссөн байх нь олонтаа.
Тэд тоглолт эхлэхийн өмнө гутлын улаа “ халааж”, үүний дараа л танхим руу ордог гэнэ.
Мөн халаалтын үеэр сагсанд хамгийн сүүлд бөмбөг хийсэн тамирчин амжилттай тоглоно гэж үздэг аж.
Өөр нэгэн чухал зан үйл бий.
Торгуулийн шидэлтийн үеэр тамирчин амжилт дуудахын тулд бөмбөгөө шаланд ойлгох ёстой.
Шүтээнтэй уран гулгалтын тамирчид
Уран гулгалтын тамирчид ч сүсэгтэй хүмүүс.
Тэд тэшүүрийнхээ гэрийг зэрэгцүүлэн тэгш тавихыг хичээдэг.
Ингэхгүй бол мөсөн дээр гарахад хөл нь эвлэхгүй гэж үздэг аж.
Түүнчлэн бараг бүх л уран гулгалтын тамирчин халаасандаа шүтээн болгосон тоглоом авч явдаг гэнэ.
Монгол хүний гэгээн ухаанд итгэдэг.