Малайзын баялгийн сангаас алдагдсан $452 саяыг АНУ буцааж шилжүүлэв
ДэлхийБаялгийн сангаас нь хууль бус замаар алдагдсан бараг хагас тэрбум ам.долларыг Малайзын засгийн газарт буцааж шилжүүлснээ АНУ-ын хууль зүйн яам өчигдөр мэдэгджээ.
Малайзын баялгийн сан 1MDB-ээс алдагдсан уг мөнгийг ерөнхий сайд Нажиб Разакын засгийн газрын үед АНУ, Швейцар, Сингапур, Люксембург зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдээр дамжуулж угаасан гэж тайлбарласан байна.
Хулгайлагдсан мөнгийг Беверли Хиллс, Нью Йорк, Лондон дахь тансаг үл хөдлөх хөрөнгө, 91.44 метр урт тансаг ангиллын завь, Моне, Ван Гог нарын уран зураг зэргийг худалдаж авахад зарцуулсан байжээ.
Пүрэв гарагт шилжүүлсэн мөнгийг нэмээд АНУ-аас Малайзад буцаасан мөнгөний нийт хэмжээ $1.2 тэрбум болж байна.
Малайзын баялгийн сангаас алдагдсан нийт мөнгөний хэмжээг $4.5 тэрбум гэж тооцоолсон байдаг.
Өнгөрсөн онд Малайзын шүүхээс Нажиб Разакт 12 жилийн хорих ял оноосон ч тэр энэхүү ялыг давж заалдахаар бэлдэж, парламентын гишүүний албыг үргэлжлүүлэн хашсаар байгаа юм.
Түүний үйлдсэн бусад дөрвөн хэрэгтэй холбоотой шүүх хурал төлөвлөгдсөн ч коронавирусийн цар тахлын улмаас хойшилжээ.
1957 оноос буюу Британийн колоничлолоос салснаас хойш Малайз улсыг тасралтгүй удирдаж байсан Нажибын UMNO (United Malays National Organization) нам 2018 оны сонгуулиар ялагдсанаар хууль бус үйлдлүүд нь илчлэгдэж эхэлсэн юм.
Эх сурвалж: DPA