ЯАГААД М.Энхсайханыг УУЧЛАВ?
НийгэмМонгол Улсын 20 дах Ерөнхий сайд асан М.Энхсайханыг 469 хоног хилсээр хорьсны эцэст 2021 оны наймдугаар сарын 5-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалаар суллав.
Яагаад түүнийг уучлах болов, ямар учиртай, хэн хорив зэрэг асуултуудад бодит үйл явдлыг элдэв хачир, үзэл бодолгүйгээр хүүрнэе.
БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр “Тавантолгой”
нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.
М.Энхсайхан нь энэ гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байв. Тэрээр ямар нэгэн захирамж, тогтоол, албан бичигт гарын зурсан зүйлгүй, зөвхөн гэрээний төслийг боловсруулсан байна.
Гэвч төсөл боловсруулсан нь түүнийг хожим нь хилсээр хоригдох сэдэл болох юм гэж хэн санах билээ.
Ийнхүү түүнд Эрүүгийн хуулийн 19.6.2 гэсэн заалаар ял төлөвлөв. Гэвч байгуулагдаагүй, хэрэгжээгүй, ямар нэг бодитой үр дагавар үүсгээгүй гэрээний төслийг шүүн хэлэлцсэний эцэст энэ хэргээр “Үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэсэн” гэх агуулгатай ял оноох боломжгүй болсон тул өөр нэгэн хэрэг гаргав.
Тэр бол дүүгийнхээ нэр дээр байсан автомашиныг зах зээлийн ханшаас 55 сая төгрөгөөр илүү үнэлж худалдан авсан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэг байв. Гэвч бас л асуудалтай. Нэгдүгээрт, тухайн автомашиныг худалдан авах үйл ажиллагаа ном ёсны дагуу болж өнгөрсөн. Хоёрдугаарт, 160 сая төгрөгөөр төсөвлөгдөж 130 сая төгрөгөөр худалдаж авсан Тоёота Лексус-570 маркийн автомашинтай холбоотой асуудал 2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр үүссэн. Хуулинд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаагаар тооцвол 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс хойш эл хэрэг хэрэгсэхгүй болох ёстой байв. Гэсэн хэдий ч М.Энхсайханд ял оноох ёстой. Тиймээс түүнд ял төлөвлөхдөө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 1/72 тоот албан бичгийн огноог ашиглаж 5 жилийн хугацааг тоолсноор, 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болгохоор тооцоолов. Харин анхан шатны шүүх хурал хөөн хэлэлцэх хугацаа дууссан өдрөөс хойш 14 хоногийн дараа 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр болмогц УИХ-н гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй ажлын хэсгийн 2015 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг тооцоололдоо ашиглажээ. Угтаа бол нэгэнт хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол ял шийтгэх хууль зүйн ямар ч боломжгүй байх учиртай.
ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД ЯМАР ШҮҮГЧИД АЖИЛЛАСАН БЭ?
М.Энхсайханд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хуралдаануудаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн юм. Эдгээр шүүх хурлуудад ямар шүүгчид суусныг тодруулъя.
Анхан шатны шүүхийн шүүгчид:
З.Болдбаатар, Д.Дарьсүрэн, Б.Батсайхан нар анхан шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд байв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид:
Т.Өсөхбаяр, М.Алдар нар ажиллав.
Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнд Б.Цогт байв.
Эдгээр нь бүгд өмгөөлөгч Б.Баасанцогттой холбогдсон шүүгч нар юм. Б.Баасанцогт нь 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхонд хууль хяналтын байгууллагынхантай хамт хонож, архидан согтуурсан байж болзошгүй, нэр бүхий 11 шүүгчийн дансанд мөнгө шилжүүлсэн зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан хэргээр нь та бүхэн санаж буй биз ээ.
Харин М.Энхсайханд 2020 оны тавдугаар сард 4,6 жилийн ял оноож байсан билээ.
ШҮҮГЧДИЙН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Өмгөөлөгч Д.Оросоо: М.Энхсайханы эрүүгийн хэрэг бол шинэ зууны Монголын анхны улс төрийн хилс хэрэг юм. Шинжээчийн дүгнэлтээр М.Энхсайхан нь албан үүрэг, албан
тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон биш, харин түүний хариуцан боловсруулсан төслийн гэрээ хэрэгжсэн бол Монгол улсад олон давуу талтай байжээ гэдэг нь хөдөлбөргүй тогтоосон юм. Харамсалтай нь шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар ч шалтгаангүйгээр үнэлж үзээгүй.
Хуульч Б.Баяраа: Түүнийг хорих мөртөө сэтгэл нь ханахгүй яг тэр үйлдлээр нь дахиж нэмж Хорлон сүйтгэх гэсэн зүйл ангиар ял өгөхөөр улайрч байгааг үзэхэд Оросын
Ходорковскийд хэрэглэсэн “хорьж байгаад нэмж ялла” гэдэг хэлмэгдүүлэлтийн технологи нэвт үнэртдэг. Хүний эрх, хуулийн талаасаа шүүх, прокурорын үйлдлийг зөвтгөх нэг ч үндэслэл байхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Улсын ерөнхий прокурорын ширээн дээр шалгахыг үүрэгдэж шидсэн. Тэгээд Х.Баттулгад шадарладаг улс төрчид болох А.Гансүх, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар нь М.Энхсайханыг буруутгасан гэрчийн мэдүүлэг өгсөнөөр үйл явдал өрнөсөн байдаг. Таван толгойн гэрээний төсөлд оролцсон мэргэжилтнүүдээс тайлбар авахгүй атлаа зөвхөн төслийг эсэргүүцэж улс төр хийдэг хэсэг нөхдийн үгийг нотлох баримт болгосон нь М.Энхсайханыг улс төрийн хоригдол гэж нэрлэх нэг шалтгаан болсон.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар: М.Энхсайхан Ерөнхий сайдыг террорист үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр яллахад нь би бүр ялласан байгууллагын зарим таньдаг хүндээ хэлж байсан. “Наадах чинь арай ч биш шүү. Хорлон сүйтгэх ажиллагаа гэж юуг хэлдэг вэ гэхээр дөрөвдүгээр цахилгаан станцын хажууд тэсрэх бөмбөг булчихаад яг тэслэх гэж байгаад баригдахад энийг хорлон сүйтгэх ажиллагаа хийх завдалтаар яллах ёстой. Тэрнээс биш эдийн засгийн үр өгөөж нь хэзээ гарах нь мэдэгдэхгүй ТЭЗҮ боловсруулсны төлөө ял өгнө гэвэл наадах чинь жинхэнэ хэлмэгдүүлэлт шүү” гэж. Сүүлд миний сонссоноор бол нэг автомашин үнэтэй авсан гээд л ял өгчих шиг болсон. Энэ нөгөө “Хүн нь байвал тохох хэрэг нь олдож болдог” гэдэг зарчим явчихав уу гэж харсан.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Энхсайханы хавтаст хэргийг уншсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн эрүүгийн хуулийн хүндрүүлсэн хэлбэрийг ашигласан байна лээ. Хүнд нь зориулж хууль хэрэглэсэн!
УУЧЛАЛ…
Юун түрүүнд, Х.Баттулга Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа М.Энхсайханыг уучлах санал гаргасан, харин М.Энхсайхан зөвшөөрөөгүй тул өргөдөл гаргаагүй гэдэг мэдээлэл бол ХУДАЛ.
Тэгвэл юу болсон бэ?
Долоодугаар сарын 9-ний өдөр АН-аас “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж, улстөр үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай бодитой ханддаггүй болох нь олон нийтэд ил болж, нийгэмд хонгилын шүүгчид гэгдэх болжээ. Тиймээс М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүсье” гэсэн утга бүхий хүсэлт гаргасан.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наймдугаар сарын 5-ны өдөр уучлал үзүүлэх зарлиг гаргав. Ийнхүү М.Энхсайхан 469 хоног хилсээр хоригдсоны эцэст суллагдав.
УУЧЛАЛ ЯМАР УТГАТАЙ ВЭ?
Уучлал гэдэг нь Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд уучлал үзүүлэхийг хэлдэг. Гэвч М.Энхсайханы хэрэг нь цагаадах үндэслэлтэй буюу хилс хэрэг юм. Тиймээс М.Энхсайханыг цагаатгах хуулийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилж байна. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлал нь цаашид Ерөнхийлөгчийн институт хууль, шүүхийн байгууллагыг ашиглан хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, хууль шүүхийнхэнд алдаа гаргасан бол түүнийгээ залруулах боломж олгосон үйлдэл хэмээн үзэх боломжтой. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021.01.21 өдөр Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгчид ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудаг явдлыг өөрчлөхийн тулд Шүүхийн тухай хууль, Авлигын тухай хуулийг шинэчлэн батлуулсан” гэж байсан юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч нь аливаа улстөрийн хүчнээс хамааралтай бус байж, эв найрамдлын билэг тэмдэг болсон Төрийн тэргүүний үүргээ биелүүлсэн хэрэг байв.