Нэг өдрийн дотор Афганистаны гурван мужийн төв Талибанчуудын мэдэлд шилжлээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-09 06:17:29

Ням гарагт Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны гурван мужийн төвийг эзлэн авчээ. Ингэснээр нийт таван мужийн төвд тэд хяналтаа тогтоож байна.

Афганистаны умард хязгаарын Кундуз, Сар-э-Пул, Талокан гурван хотыг Талибанчууд Ням гарагт эзлэн авсан юм.

Ялангуяа стратегийн чухал ач холбогдолтой Кундуз хотыг эзэлсэн нь тэдний хувьд энэ онд гаргасан хамгийн том амжилт болж байна.

Кундуз нь эрдэс баялгаар арвин Афганистаны умард бүс нутгуудад хүрэх гол цэг болдог.

Мөн нийслэл Кабул зэрэг томоохон хотуудтай хурдны автозамаар холбогдсон юм.

Бас Тажикистан улстай хил залгадаг байна.

Афганистанд үйлдвэрлэсэн хар тамхийг Европт хүргэх гол зам энэ хотоор дайрдаг гэдэг.

20 жил үргэлжилсэн дайны дараа АНУ болон түүний холбоотнууд Афганистанаас гарч явах болсон нь Талибанчуудад боломж олгосон юм.

Тэд тавдугаар сараас эхлэн Кабулын засгийн газрын эсрэг байлдааны ажиллагаагаа эрчимжүүлжээ.

Ихэвчлэн Афганистаны хөдөө орон нутагт хяналтаа тогтоогоод байсан Талибан хөдөлгөөнийхөн Баасан гарагаас хойш гурван өдрийн дотор таван мужийн төвийг эзлээд байна.

Афганистаны засгийн газар хотуудыг буцааж авахаар зэвсэгт хүчин нь Талибанчуудтай байлдаж байгааг мэдээлжээ.

Дээрх таван хотоос гадна баруун хязгаарын Херат, өмнөд хязгаарын Кандахар, Лашкар Гах хотуудын дэргэд ширүүн тулаан өрнөж байна.

Афганий хотуудаас олон мянган иргэн орон гэрээ орхин дүрэвжээ.

АНУ-ын зүгээс Афганистаны армид дэмжлэг үзүүлэх зорилгоор Талибаны байрлалуудад агаараас цохилт өгснөө мэдээлсэн байна.

Афганий засгийн газрын 350,000 хүнтэй, маш сайн зэвсэглэсэн арми “тулалдах чадвартайгаа харуулах цаг ирлээ” гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ