Сибириэс Калифорни хүртэл: Дэлхий шатаж байна
ДэлхийЖил бүр л ойн түймэр гарч байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ойн түймэр илүү өргөн цар хүрээг хамарч, ойр ойрхон гардаг болсон гэж шинжээчид өгүүлж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л Оросоос АНУ хүртэл, дэлхийн өнцөг булан бүрт ойн түймэр асар их талбай, мод сүйтгэж байгаа юм. Сибирьт ой модонд асар их хохирол учирсан бол Калифорнид алт хайгчдын түүхэн суурин түймэрт өртөн шатжээ.
Оросын түймэр
Орост гарсан ойн түймэр ямар хэмжээнд хүрснийг Улаанбаатарт орж ирсэн утаанаас л харж болохоор. Энэ улсад нийтдээ 3 сая га газрыг хамарсан 250 гаруй түймэр асч байгаа гэнэ. Оросын Ойн агаарын хамгаалалтын газрын мэдээлснээр, 1,3 сая га талбай бүхий 180 түймрийн голомтыг унтраах ажил явагдаж байгаа аж. Харин хүрэхэд хүндрэлтэй бүс нутгуудын гал түймэр хүмүүст аюулгүй гэж үзсэний улмаас тэр чигт нь орхижээ.
Галын улмаас хамгийн их хохирсон нь Оросын зүүн хойд хэсэгт байх Якут юм. Якутын нэгэн тосгонд ойн түймрийн улмаас 30 байшин шатжээ. Хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн бөгөөд ширүүн салхитай байгаагийн улмаас энэ бүс нутагт түймэр хурдацтай тархсан байна. Олон суурин, тэр дундаа газрын тосны бааз байрлах Сангар тосгонд аюул учирж байгаа гэнэ.
Сибирийн Красноярскийг тойрсон 400 гаруй суурин газар түймрийн утаан дунд байна. Тэр бүү хэл хойд туйлд Оросын түймрийн утаа хүрчээ. Мордов улсад гэхэд олон зуун гал түймэр асаж, түүнийг унтраахаар ажиллаж байгаа гэнэ.
Энэ зууны хамгийн том сүйрэлтэй Орос улс нүүр тулж байна гэж зарим шинжээчид үзэж байгаа юм. "Гринпис"-ийн мэдээлснээр Орост он гарсаар 14,3 сая га ойн талбай шатжээ. Хамгийн сүүлд, 2012 онд 16 сая га газар шатсан нь энэ зуунд тохиосон хамгийн өндөр таагүй үзүүлэлт байв.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ их түймэр гарах болсон нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гэнэ. ойн түймрийн улирал уртсаж, ган гачиг тохиох нь элбэг болжээ. Мөн хүний үйл ажиллагаатай холбоотойгоор түймрийн ихэнх нь гардаг гэж байгаль хамгаалагчид үздэг юм. Ойн түймрийн аюултай байгааг сэрэмжлүүлдэг ч хүмүүс хуурай ойд түүдэг асаан, хараа хяналтгүй хаядаг хэвээр байгаа нь олон түймрийн шалтгаан болж байгаа гэнэ.
Калифорнийн гал
Жил бүр ойн түймэр гарч, ихээхэн гарз хохирол учирдаг өөр нэг газар нь Калифорни. Энэ онд Калифорнийн хойд хэсэгт гарч, хурдацтай тархсан ойн түймэр түүхэн газрыг ч сүйтгэжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, алтны эрэлчдийн хот байсан Гринвиллд 45 байшин барилга шатжээ. Долдугаар сарын дунд үеэс эхэлсэн ойн түймэр өнгөрсөн долоо хоногт Гринвиллд хүрч хотын түүхэн төвийн ихэнх барилга байшинг сүйтгэжээ.
Энэ хотын эмийн сангийн эзэн Кевин Госс 1860 онд баригдсан байшин нь галд шатсан талаар сэтгүүлчдэд ярьжээ. Түүний өгүүлснээр гал хормын төдийд сууринг бүрхсэн гэнэ. "Эндээс юуг ч аварч, үлдээх боломжгүй гэдгийг бид мэдэж байсан" хэмээн Кевин Госс ярьжээ.
Түймэр дэгдсэн бүс нутгийн олон мянган хүнийг нэн даруй орон гэрээ орхихыг уриалсан юм. Өнгөрсөн долоо хоногт Бьютт тойрог дахь гал түймрийн ердөө 45 хувийг хяналтдаа авч чаджээ. Түймэр 1400 кв км газрыг сүйтгэжээ.
Хүмүүсийн өдөөсөн ойн түймэр
Турк дэх ойн түймрийн анхны мэдээлэл долдугаар сарын 28-ны өдөр Манавгатаас иржээ. Энд нэг өдрийн дотор түймрийн 21 голомт бүртгэгдсэн байна. Хотод гал түймэр гарсаны улмаас долоон хүн амиа алдсан юм. Харин наймдугаар сарын нэгэн гэхэд амралт, аяллын бүсүүдэд гал түймэр ассан талаарх мэдээллүүд ар араасаа цуврав.
Хэт халуунаас үүдэлтэй байгалийн гамшиг гэж үзэж байсан ч ойг зориуд галдан шатаасан гэх мэдээлэл ч гарч байлаа. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг баривчилсан юм. Түүнчлэн Туркэд алан хядах байгууллага гэж үздэг "Галын хүүхдүүд" бүлэглэл ойг галдан шатаасны хариуцлагыг өөрсөд дээрээ авчээ. Өнөөдрийн байдлаар Туркэд суурин газарт аюул учруулахуйц ойн түймэр үлдээгүй гэнэ.
Грект ой шатаагчдыг баривчлав
Сүүлийн өдрүүдэд Грекийн 586 түймэр гарчээ. Грекийн түймэр "асар өргөн цар хүрээг хамарсан" бөгөөд бүгчим халуун, ган гачгийн улмаас түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа гэнэ. Грекийн 141 бүсэд гарсан гал түймрийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх 62 удаагийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Грект гарсан гал түймэртэй холбоотойгоор тус улсын галын албаны мөрдөгчид 10 гаруй хүнийг баривчилсан байна. Тэдний зарим нь зориудаар гал тавьсан бол зарим нь санамсар болгоомжгүйгээс гал алджээ. Грект ассан гал түймэр хэт халуун цаг агаараас болж үүссэн ч зарим газар ийнхүү хүний үйлдэлтэй холбоотой түймрийн голомт үүссэн байна.