ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮМЖЛЭГЧДИЙГ “УНАГАХ” 350 ХУУРАМЧ ХАЯГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
ДэлхийХятадын Засгийн газрыг шүүмжлэгчдийн нэр хүндийг гутаах, Хятадын талыг баримтлагчдыг унагах зорилготой олон нийтийн сүлжээний 350 гаруй хуурамч хаягийг илрүүлжээ. Мэдээллийн аюулгүй байдлын төвийн /CIR/ тайланд дурдсанаар эдгээр хуурамч хаяг нь барууныхны эрх мэдлийг хязгаарлах, гадаад дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлэх зорилготой аж. Эдгээр хуурамч хаяг Хятадыг шүүмжлэгч, дарангуйлагч Гуо Вен гуйг дүрсэлсэн хүүхэлдэйн киног олон нийтийн сүлжээнд тараасан байна. Мөн тус хүүхэлдэйн кинонд “шүгэл үлээгч”, эрдэмтэн Ли Мэн Ян, Дональд Трампын улс төрийн стратегич асан Стив Бэннон нарыг COVID-19 халдварын талаар худал мэдээлэл тараасан хэмээн буруутгажээ. Тэд Twitter, Facebook, Instagram, Youtube-ээр хиймэл оюун ухааны үүсгэсэн хуурамч нүүр зурагтай хаягуудаараа дамжуулан дээрх хүүхэлдэйн киногоо олон нийтэд түгээжээ.
Эдгээр хуурамч хаяг Хятадын Засгийн газартай холбоотой гэдгийг нотлоогүй байна. Гэвч хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготой ашгийн бус байгууллага болох Мэдээллийн аюулгүй байдлын төвийн мэдээлснээр дээрх Twitter болон Facebook хаяг өмнө нь Хятадын талыг дэмждэг байсан сүлжээтэй төстэй байжээ. Мөн дээрх хаягууд Хятадын төв телевизээр сурталчилдагтай төстэй Хятадын талаарх түүхийг түгээсэн юм. Ихэнх контент АНУ-ын гар бууны тухай хууль, хүний эрхийн зөрчил болон улс төрийн асуудлуудад төвлөрчээ. Ингэхдээ Жорж Флойдын амиа алдсан хэрэг болон Азиудын эсрэг гадуурхлын асуудлыг хөндсөн байна. Зарим хуурамч хаяг нь Шинжаань муж дахь хүний эрхийн эсрэг хүчирхийллийн хэргүүдийг үгүйсгэж байгаагаа давтан мэдээлж, хятадууд сая орчим муслим үндэстнийг хорьсон хэмээн АНУ болон Барууны орнууд худал зохиомол мэдээлэл тараасан гэж буруутгажээ. Тиймээс дээрх хуурамч хаягнуудын зорилго нь Хятадын талаарх эерэг мэдээллийг түгээх, барууны орнуудын эрх мэдлийг хязгаарлах гэсэн хэмээн Мэдээллийн аюулгүй байдлын төвийн судалгааг удирдсан Бенжамин Стрик тайлбарлажээ.
Ихэнх хаяг дээр бичсэн постод бусад хуурамч хаягтай хүмүүс сэтгэгдэл бичиж, хуваалцсан нь жинхэнэ хаяг мэт санагдуулж олон хүнд худал мэдээлэл хүрэхэд тусалжээ. Мөн нүүр зургуудыг бодит хүний зураг хулгайлах бус хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн нь хүмүүсийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн байна. Хуурамч хаягуудын ихэнх нь Турк нэртэй байсанд олон хэрэглэгч итгэжээ. Учир нь эдгээр хаягыг бодит хүнээс нь худалдан авч эсвэл хакердан зургуудыг нь солин хуурамч мэдээллээ түгээхэд ашигласан байна. Хулгайлсан хаягуудаараа дамжуулан Хятадын талаарх мэдээллээ Youtube-д байршуулжээ. Өмнө нь мэдээллээ англи, герман хэлээр түгээдэг байсан бол дээрх хаягууд гэнэт Хятадын албан ёсны сувгаар Хятад хэлээр контентоо цацах болжээ. Энэ судалгааг нийтэлсний дараа “Facebook” компани дээрх хуурамч хаягуудыг устгажээ.
Энэ талаар “Facebook” компанийн хэвлэлийн ажилтан “2019 оны есдүгээр сард Хятадын аж амьдрал, улс төр, амьдралын хэв маягтай холбоотой хятад хэлээр пост бичдэг хаягуудыг устгасан. Эдгээр сүлжээ манай платформтой албан ёсны гэрээ хийгээгүй. Тиймээс судалгаанд дурдсан хаягуудтай адилхан хаягууд дахин гарч ирэх магадлалтай учир бид судлаачид болон аж ахуйн нэгжтэй хамтран үргэлжлүүлэн судалж, дээрх хаягуудыг илрүүлэн хаах болно” гэж ярьжээ. Мөн Youtube болон Twitter ч дээрх хаягуудыг устгасан байна. Сүүлийн хэдэн жилд Хятад олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөх санхүүжилтээ хэдэн тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн. Гэхдээ Facebook, Twitter, Youtube сувгийг эх газрын Хятадад ашиглахыг хориглосон байдаг.