Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-11 22:24:00

Тамга ч үгүй, нам ч үгүй болсон Н.Энхбаяр “их санасан газар есөн шөнө хоосон хонож” мэдэх дур зураг харагдаж байна. Түүний эртний бөгөөд эдүгээгийн хүсэл нь Э.Батшугарыгаа парламентын гишүүн болгох. Үүний тулд тэрбээр тамгаа зарж, ноосоо тушаасан билээ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай коммунист намууд нэгдэж, нийлж байгаагаа зарлахдаа Н.Энхбаяр татан буугдсан МАХН-аас нийтдээ 2000 гаруй хүнийг МАН-ын удирдах албан тушаалд тавих тохироо хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж байлаа.

Мөн хүүгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, засагт гурван сайдын суудал авах тохироо хийснийг батлаагүй ч бас үгүйсгээгүй юм.

МАН-тай хийсэн наймааны дагуу Н.Энхбаярын хүсэлтээр Улсын дээд шүүх өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр МАХН-ыг татан буулгасан билээ. Түүнээс хойш тоолбол   Н.Энхбаяр эрх баригчдын амалсан тохирсныг гурван сар шахам тэвчээртэйгээр хүлээж байна. Гэтэл МАН амалсан тохирсноо мартсан уу, өөрт нь  Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын суудал өгч, Э.Эрдэнэжамъяанг нь Удирдах зөвлөлмийн гишүүн Б.Тулгыг намын орон тооны нарийн бичгийн дарга болгосноос өөрөөр  Н.Энхбаярт олигтой албан тушаал одоогоор “хялайлгасангүй”.

ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!

Н.Энхбаярт ийм л зүйл тохиолдоод байна. Эрх мэдлийн төлөө “тэвшээ” хүртэл зарчихсан түүний хувьд эрх баригчдыг өгснийг нь авахаас өөр сонголт түүнд үлдсэнгүй. Ямар одоо наймаагаа буцааж, намаа дахин сэргээлтэй нь биш.

Одоогоос гурван сарын өмнө тэрбээр намтайгаа, тамгатайгаа байсан. Одоо тамгагүй “хутагт”-ыг гөлөөг ч гэж тоох хүн МАН олдох болов уу.

Ядаж байхад эртний өстөн Ц.Нямдорж нь Засгийн гал тогоог хариуцаж байгаа. Н.Энхбаярын хүссэнээр засгаа задлах нь юу л бол. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг чихдэж байгаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  шоронгоос суллуулж чадсан Ц.Нямдоржийн үгнээс Ерөнхий сайд ер нь зөрж чадах болов уу даа.

Тэгэхээр өдгөө Монголын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хийсэн шигээ яваа  хүүгээ УИХ-ын гишүүн болгон наймаа бүтэлгүйтэж магадгүй, МАН-ын пентхаусаас сонсогдож буй хов живийг харахад  Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж буй олон хүн байна.

Э.Батшугараас гадна Сонгинохайрханы шинэ, хуучин Засаг дарга нар гээд лав гурав, дөрвөн хүний нэр хэвлэлээр цохогдох болсон. Санаатайгаар болон санамсаргүйгээр хэвлэлээр бичигдэж буй тэдгээр хүмүүс бол “Би нэр дэвшмээр байна” гэж намын удирдлагууддаа сануулж, анхааруулж буй хэлбэр нь.  Мэдээж, Н.Энхбаяр гараа хумхиад суухгүй. Наймаа, тохиролцоогоо намын удирдлагуудад сануулж яваа ч биз.

Ямар ч байсан судалгааны дагуу нөхөн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулахаар саяхан болсон цахим хурлаараа МАН-ынхан шийдсэн. Нөхөн сонгуулийн үр дүнгээс МАН-ын цагаан байрны улс төр мөн хамаарна.

Н.ЭНХБАЯРЫН АЛДАА

Нэгэн цагт улсаа хөгжүүлж МАН-аас “өс авна” гэж мөрөөдөж суусан Н.Энхбаяр эргээд төрхөмдөө ирснийг таатайгаар хүлээж аваагүй хүн олон. Гэвч, МАН хамгийн том өрсөлдөгч МАХН-ыг худалдаж авсны хүчинд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон нь худлаа биш.

С.Ганбаатарын  “нэг л өдөр Ерөнхийлөгч болох” мөрөөдөл биелсэн бол Н.Энхбаяр Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаас илүү том алба хашин байсан нь үнэн. Ядаж л Ерөнхийлөгчийн тамгыг атгах байсан байх.

Тиймээс Н.Энхбаярт амалсанаа биелүүлэх аль эсвэл ашиглаад хаях уу гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шийдэх болно. Хэрэвзээ Н.Энхбаяр хүссэнийг нь өгөхгүй бол МАН-д тийрэн болоод түйрэн тавих гэж хүсэх л байх.  Ашиг сонирхлын төлөө намынхаа 50 мянган гишүүнийн МАН-д зарчихаж байгаа хүн Д.Амарбаясгалангаас тахиа донгодохоос өмнө гурвантаа урваж чадах ч биз. Гэхдээ намгүй, тамгагүй Н.Энхбаяраас эрх баригчид “алтан улиасыг хуга мөргөх” эвэр хаана байна гээд асууж, тавлаад сууж мэдэх л юм.

Юу, юуны туханд хүрэхгүй байж ноосоо тушаачихалгүй, эсвэж хамтарсан бол Н.Энхбаяраас эрх баригчид харин айж мэдэх байв. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг.


Холбоотой мэдээ