Ким Ё Жон АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилалтыг шүүмжилжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-11 22:31:51

ПЁНЬЯН. /DPRK Embassy/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилалттай холбогдуулан дараах мэдэгдлийг хийжээ. 

АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилалтыг дотоодод болон гадаадад санал нэгтэйгээр зэмлэн буруушааж, эсэргүүцэж буйг үл харгалзан талууд хамтарсан сургуулиа эхлүүлснээр тогтворгүй байдлыг улам даамжруулж байна. 

Цэргийн хамтарсан сургуулилалтыг наймдугаар сарын 10-13, 16-26-ны өдрүүдэд хуваан явуулж байна. Эдгээр нь АНУ БНАСАУ-ыг чиглэсэн дайсагнасан бодлого баримталж буйн тод илэрхийлэл болж байна. 

Бидний удаа дараа хийсэн анхааруулгыг АНУ, БНСУ үл тоомсорлон дайны аюултай сургуулилалтуудаа явуулж буй нь тэдэнд учрах аюул заналыг улам нэмэгдүүлэх нь гарцаагүй юм. 

Хамтарсан цэргийн сургууль нь хамрах хүрээ, зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран дайны бэлтгэл, цөмийн дайны сургуулилалт учир түрэмгийлсэн шинж чанарыг агуулдаг. Жил бүрийн гурав, наймдугаар сард хийдэг цэргийн сургуулийн улмаас Солонгосын хойг болон түүний эргэн тойронд цэргийн хурцадмал хийгээд аюултай байдал үүсдэг. 

Олон улсын зүгээс хойгийн хөгжилд анхаарлаа хандуулж буй энэ цаг үед АНУ түрэмгийлсэн дайны сургуулиа үргэлжлүүлж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Мөн АНУ-ын засаг захиргааны сайшаадаг “дипломат харилцаа холбоо”, “нөхцөл болзолгүй яриа хэлэлцээ” нь түрэмгийлсэн шинж чанараа далдлах хэрэгслээс хэтрэхгүй байна. 

Өнөөгийн нөхцөл байдал нь үндэсний батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх бидний шийдвэр туйлын зөв байсан гэдгийг дахин баталж байна. Хойгт энх тайвныг цогцлоохын тулд АНУ эхлээд БНСУ-д байршуулсан түрэмгий цэргүүд, дайны техник хэрэгслүүдээ гаргах ёстой. АНУ-ын цэргүүд БНСУ-д байгаа цагт Солонгосын хойгийн нөхцөл байдлын үндэс болсон шалтгаан хэзээ ч үгүй болохгүй. 

Бид АНУ-ыг сөрөн зогсоно гэдгээ хэдийнээ илэрхийлсэн. Бид АНУ-ын улам бүр өсөн нэмэгдсээр буй цэргийн аюул заналыг даван туулахын тулд хазаарлан тогтоох хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт тавих болно. Мөн энэ ташрамд, БНСУ-ын эрх баригчдын итгэл хөсөрдүүлсэн үйлдэлд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж байна гэж Ким Ё Жон мэдэгджээ. 

Холбоотой мэдээ