Мелинда Гейтс нөхрөөсөө мөнгө биш овгийг нь авч салав
Нийгэм“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, түүний гэргий Мелинда нар өнгөрсөн тавдугаар сард гэрлэлтээ цуцлуулахаар болсноо мэдэгдээд байсан билээ.
“Харилцаан дээрээ ихэд анхаарч, удаан бодсоны эцэст бид гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргалаа” хэмээн Б.Гейтс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан.
Цаашид хосууд байх боломжгүй ч өөрсдийн байгуулсан “Bill and Melinda Gates” сангийн үйл ажиллагааг хамтран явуулах нь хэвээрээ гэдгийг хосууд цохон тэмдэглэв. “Bill and Melinda Gates” санг хосууд 2000 оноос хойш удирдсан бөгөөд тус байгууллага нь хөгжиж буй орнуудад аюулт өвчинтэй тэмцэх, АНУ-ын эрүүл мэнд, боловсролын салбарын хөтөлбөрүүдэд голчлон чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг. Коронавирусний вакцин гарган авах, цар тахлын нөхцөлд нийгмийн илүү эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зориулж олон зуун сая ам.долларыг энэ сангаас гаргажээ.
Билл Гейтс, Мелинда Френч нар 1994 онд гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ. Энэ талаар хосууд мэдэгдэхдээ “27 жилийн хугацаанд бид 3 сайхан хүүхэдтэй болж, дэлхий дахинд хүмүүст эрүүл энх, үр бүтээлтэй амьдрахад нь туслах санг үүсгэн байгуулжээ” гэжээ.
Тэгвэл тэдний салалт өчигдөр шүүхээр эцэслэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Мелинда 130 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нөхрөөсөө мөнгөн тэтгэмж авахгүй, овгийг нь л хадгалж үлдэхээр болжээ. Ингэснээр өдгөө 56 настай түүний овог, нэр нь бүтнээрээ Мелинда Френч Гейтс хэвээр үлдэж байна. Тэд хөрөнгөө салалтын гэрээний дагуу хамтдаа бүтээсэн хөрөнгөө л хуваахаар тохиролцжээ.
Сонирхуулж хэлэхэд “Forbes” сэтгүүлээс эмхлэн гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад Билл Гейтсийн хөрөнгө 130.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дөрөвдүгээрт жагсаж байна. Харин Мелинда Гейтс дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад өнгөрсөн онд 5 дугаарт жагссан байна.
Билл, Мелинда нар насанд хүрсэн гурван хүүхэдтэй учраас хүүхдүүдээ асран халамжлах эрхийн маргаангүй байв.
Тэднийг салах өргөдлөө өгсний дараа Билл Гейтс найздаа “хайр сэтгэлгүй гэрлэлт” байсан гэж хэлснийг шар хэвлэлүүд онцолж байв. Түүнчлэн түүнийг эхнэрээ хуурсан гэх мэдээлэл ч гарч байжээ. Улмаар тэрбээр 20 жилийн өмнө “Microsoft” компанийнхаа нэг ажилтантай амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрсөн юм.