Монголын хил дээрх саад, бэрхшээлээс үүдээд бараа бүтээгдэхүүний үнэ 40 хувиар нэмэгджээ.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-16 07:40:53


Монгол Улсын Засгийн газраас хил дээрх бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хоцрогдлыг арилгах ажлын хэсэг томилсон боловч БНХАУ-ын зүгээс баяр наадмын өдрүүдээр ажиллах саналд татгалзсан хариу өгсөн байна. 

БНХАУ-ын хилийн хяналт нь Монголын зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэхэд төдийлөн анхаарахгүй байгаа бөгөөд энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөөд байгаа юм. 

Түүнчлэн хилийн боомтын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсад өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар өссөн байна.

Ярилцлага:

(Г.Баттулга – Жолооч)

“БНХАУ-ын хилээр Монголоос ачааны автомашинууд хамаагүй орж бараа бүтээгдэхүүн, каргогоо зөөдөг байж байгаад, Монгол Улсад ковидын халдвар бүртгэгдээд ирэнгүүт хилээр өдөрт 100 машин нэвтрүүлэх хязгаарлалтыг БНХАУ-ын талаас тавьсан.  

Дараа нь энэ тоо бүр буурсан.

Хязгаарлалт тавьж эхэлсний дараа хилээр орж, гарах гэж сар гаруй хугацаанд оочерлодог байсан.

БНХАУ хилээрээ оруулах машины тоон дээр хязгаар тавьсантай холбоотойгоор Монгол руу явуулах ачаа нь овоороод машинуудын ачаа ачих ханш өссөн.

Наадмын үеэр Замын-Үүдэд үнийн хөөрөгдөл гарч байна, хилийн боомт дээр ачаа овоорсон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гээд төрийн эрх барих албан тушаалтнууд ирж ажилласан, тодорхой шийдвэрүүдийг гаргачхаад явсан.

Гэвч үүний дараагаас эсрэгээрээ үнэ, ханш улам өссөн.” 

Ярилцлага:

(Б.Баатар – Жолооч)

“Коронавирусын халдвар гарахаас өмнө жолооч нар өөрсдөө машинаа барьж хилээр нэвтрээд, өөрсдөө ачаагаа ачуулаад гарч ирдэг байхдаа сард 2-4 удаа хилээр нэвтэрдэг байсан.

Мөн тухайн үед ачаа ачих үнэ, ханш бага байсан.

Монголд ковидын тохиолдол дэгдсэний дараа нэг удаа 20 гаруй хоног хил хаагдсанаас болж энэ дараалал анх үүссэн.

Тэр үед Монгол дахь хүнсний ногооны нөөц дуусаад, хилээр өдөрт нэвтэрч байгаа 10 машиныг бүгдийг нь үнийг нь өсгөж ногоо ачуулж байсан.

Энэ жишгээр явсаар байгаад өнөөдрийн энэ ханш тогтсон.

Жолооч нар өөрсдөө хилээр оронгуутаа үнээ өсгөе гэж яриагүй.

Монголд ховордсон зүйлийг Хятадууд хурдан явуулахын тулд машины өндөр үнэтэй авч тээвэрлэдэг.

Ийм журмаар үнэ нь бага багаар өсөөд байсан.” 

Ярилцлага:

(Д.Бадмаараг - Эдийн засагч, сэтгүүлч)

“Монголын нийт импортын бараа бүтээгдэхүүнийн 80 орчим хувь нь БНХАУ-ын Эрээн дэх боомтоор нэвтэрдэг.

Энэ ч утгаараа Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас хараат байдаг.

Цар тахлын улмаас Хятадын талаас хилээ хэд, хэдэн удаа хаасан.

Сүүлд Монголын талаас наадмын үеэр хилээ нээх санал гаргасан боловч хятадын тал хүлээж аваагүй, татгалзсан.

Өмнө нь хилийн боомтоор өдөрт 200-250 машин нэвтэрдэг байсан бол одоо өдөрт 50-90 машин нэвтэрч байна.

Үүний улмаас өмнө нь 8000-10000 юан байсан тээврийн үнэ 50000-60000 юан болж нэмэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэлээн нэмэгдсэн.

Ингэснээр Монгол орны эдийн засагт сард ойролцоогоор 50 сая юан, жилд 2 тэрбум юаны хохирол учруулж байна гэсэн судалгаа байна.”

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг





Холбоотой мэдээ