Игорь Ротарь: ЗХУ Гитлерийн талд дайтаж байсан гэдэгт итгэлтэй америкчуудтай тааралдаж байлаа.
ДэлхийОросын сэтгүүлч АНУ-д амьдрахаар очоод америкчуудын Оросыг үзэх үзлийн тухай олон шинэ зүйлийг мэдэж авчээ.
ЭКСМО хэвлэлийн газраас зохиолч, сэтгүүлч Игорь Ротарийн “Үзүүлэнгийн бус Америк” нэртэй номыг гаргажээ. Ротарь нь АНУ руу нүүхээсээ өмнө цэргийн сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд Америкт ирээд дасал болсон хотоос хот дамжсан нүүдэлчин хэв маягаа хадгалж үлдэхийг хичээжээ. Тэрбээр тэмдэглэлдээ жуулчид болон энгийн хүмүүсийн нүдээр хардаг Америкийн тухай биш, ер бусын, зарим талаараа хэцүүхэн талыг нь өгүүлжээ. Номын хэсгээс орчуулан хүргэж байна.
Оросын амбан захирагч Дональд Трамп
(“Америкчууд ба Орос орон” бүлгээс)
Америкчууд оросуудад их хүндлэлтэй ханддаг. Энд манай ард түмнийг онцгой авьяас чадвартай, эрэлхэг гэх яриа ч түгээмэл байдаг. Миний л хувьд АНУ-д нийтдээ 10 жил байх хугацаандаа нэг ч удаа орос хүн гэдгээр нь нөхөрсөг бус хандаж байгаатай таарч байгаагүй ээ. Гэхдээ Оросын төр засагт хандах нь огт өөр хэрэг. Жирийн америкчууд Кремль, Вашингтоны хоорондын өнөөгийн сөргөлдөөнийг сонирхон хүлээн авдаг.
Нэгдүгээрт, тэд Оросын бодит амьдралын тухай бүдэг бараг төсөөлөлтэй. Жишээ нь Болгар, Серби нь Оросын мужууд гэж олон хүн итгэдэг. Нэг удаа би уушийн газарт “Милошевичийн гэмт хэрэг”-ийн төлөө хариу барихаас өөр аргагүй болсон. Милошевич бол орос биш серби хүн гэсэн миний дургүйцэлд “Юу яриад байгаа юм, Милошевич бол байдаг л нэг орос овог шүү дээ” гэж хариулж байх жишээтэй. Тэр ч байтугай би Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗСБНХУ Гитлерийн талд дайтаж байсан гэдэгт итгэлтэй байдаг америкчуудтай ч (азаар ховорхон) тааралдаж байлаа.
Ерөнхийдөө түүх, газарзүйн мэдлэгтэй дундаж америк хүн Путиныг “Тэр сөрөг хүчнийхэн болон сэтгүүлчдийг хөнөөж, аль нэгэн улсын газар нутгийг булааж авдаг муу залуу гэж сонссон” гээд тун тодорхой бус байдлаар шүүмжилнэ. Тэгээд л үүнд дургүйлхэж эхлэх юм бол америкчууд маргалдах ч үгүй. “Магадгүй миний буруу байх л даа. Би зүгээр л зурагтаар улиг болж буй зүйлийг давтсан юм. Тэгээд ч “хайрцаг”-т итгэх нь мэдээж тэнэг хэрэг” гэнэ. Эндээс л Америк боловсролын онцлог харагдана. Америкт хүүхдүүдийг хэвшмэл зүйлийг дагахгүй байх, ямар ч мэдээлэлд үл итгэсэн байдлаар хандахыг сургадаг.
Америкийн боловсрол өндөртэй либералууд Кремльд илүү хэцүү ханддаг. Трампыг сонгогдохоос өмнө олонхи нь Путиныг зүгээр л “Америкийн империализм”-ын эсрэг явж байгаагаар нь дэмжиж байлаа. Тэр ч бүү хэл Крымийг Орост нэгтгэснийг шүүмжилсэн төр засгийнхнаа “Дэлхийн бараг тал улсуудад дайн дэгдээсэн манай улс Путиныг яаж шүүмжилж чадаж байна аа” хэмээн өмөөрөх нь цөөнгүй байжээ. Үнэндээ ижил хүйстнүүдийг “хөөдөг”, Pussy Riot-ыг хэлмэгдүүлдэг гэж Оросын засаглалыг шүүмжилдэг ч нийтдээ Путиныг бодлогыг сөрөг гэхээсээ илүү эерэгээр хардаг байлаа.
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялсны дараа АНУ дахь Оросын Ерөнхийлөгчийг хүндэтгэгчдийн тоо эрс унасан юм. Энд бүгд л Америкийн одоогийн төрийн тэргүүнийг засгийн эрхэнд гарч ирэхэд Орос тусалсан гэдэгт итгэлтэй байдаг. Харин либералуудын хувьд Трампын ялалт жинхэнэ сүйрэл, “улс орноо фашизм руу гулсуулсан үйлдэл” гээд энэ “гайт явдал”-даа Кремлийг ихэвчлэн буруутгана. “Баяр хүргэе! АНУ одоо Оросын нэг муж боллоо. Трамп бол зүгээр л Владимир Путины томилсон амбан захирагч!” гээд л Америкийн либералууд надаар даажигнадаг байлаа. Гайхалтай шүү.
“Оросын эсрэг шугамаа мартаж болохгүй!”
Эндхийн улстөрчид, дипломатчид, улс төр судлаачид Орост нэлээд өөрөөр хандана. Энэ ангиллын хүмүүс “Хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан ямар нэг Бүгд Найрамдах улс Оросын нөлөөгөө аль болох багасгаж чадвал иргэдэд нь илүү сайн” гээд яг л чин сэтгэлээсээ боддог. Жишээлбэл, Дундад Ази дахь станы орнуудад суугаа Америкийн дипломатчид орос гэхээсээ илүү тухайн үндэстнийх нь хэлийг суралцахыг илүүд үздэг. Тэд орос хэлтэй байхад бүс нутагт илүү олон тооны хүнтэй ярилцах боломжтой, тухайн хүн амын гол хэсгээс гадна үндэстний цөөнх ч энэ хэлийг ашигладаг гэдгийг тооцдоггүй мэт байдаг. Тэгээд ч казах, киргизүүдийн дунд орос хэлтнүүд олон шүү дээ.
Гэхдээ Элчин сайдын ажилтнуудын надад тайлбарласнаар бол бүс нутагт удахгүй орос хэл хэрэггүй болно гэдэгт эргэлздэггүй гэнэ. Үүний зэрэгцээ надтай уулзсан хүмүүс Оросын бүх мэргэшсэн мэргэжилтнүүд Дундад Азийг орхивол тэднийг энэтхэг, пакистанчууд эзлэхэд бэлэн, айх зүйл байхгүй гэж үзэж байлаа.
Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудыг “колонийн хүн ам”-аас “чөлөөлөх” ийм бодлогыг шударга зүйл гэх үү. Америкчууд энд цэвэр практик төсөөллийг удирдлага болгож байна. Дээр нь АНУ Украиныг онцгойлон сонирхож байгаа нь маргашгүй зүйл. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөх асан Збигнев Бжезинский ч Орос Украиныг алдсанаар хэзээ ч супер гүрэн болж чадахгүй гэж бичиж байсныг санацгаая. Тиймээс л АНУ-ын зорилго нь Орос-Украины ямар ч холбоог сулруулах юм.
Нэгэн америк улс төр судлаач надтай ярилцаж суухдаа өөрөө Украинд зөвхөн украин хэлээр л хүүхэлдэйн кино үзүүлэхийг санал болгосон гэж сайрхаж билээ. Ингэснээр хүүхдүүдэд багаас нь орос биш, энэ хэлийг сургана. Хариуд нь орос хэл төрөлх хэл нь болсон Украинд ийм бодлого явуулах нь хэрэгтэй гэж үү хэмээн би дургүйцлээ илэрхийлсэн юм. Тэгтэл судлаач маань “Украин бол тусгаар тогтносон улс. Эндхийн хүн ам украинаар ярих ёстой” гэж уурлан зэмлэхэд хүрч билээ.
Америкийн улстөрчид Орос орныг эдийн засгийн хүчирхэг улс байхыг эсэргүүцдэггүй. Гэхдээ геополитикийн супер гүрэн (бүр бүс нутгийн түвшинд шүү) болох гэсэн ямар ч оролдлогыг өрнөдийн соёл иргэншлийн аюулгүй байдалд аюул заналхийлэл гэж хүлээн авдаг юм.
Хуучин дайсагнал
1996 онд Чечень бараг тусгаар тогтносон байхад Зөвлөлт судлалын нэгэн нэр хүндтэй сан намайг Вашингтонд лекц уншаач гэж урьсан юм. Гайхалтай нь байгууллагын гишүүд нийтлэлүүддээ Чечений нийслэлийг Грозный биш, Жохар (тухайн үед салан тусгаарлагчид ингэж нэрлэж байв) гэж нэрлэсэн байсан. Би тэр нөхдөд Вашингтон Чеченийг тусгаар тогтносон гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт л энэ нэршлийг хэрэглэж болно гэж хэлэхэд тэд “Оросууд түрэмгийлэгчид учраас бид эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн ашиглаж байгаа энэ нэрийг авсан юм” гэж хариулж байлаа.
“Харамсалтай нь манай үйл ажиллагаа хэтэрхий улстөржсөн. Хэрэв та АНУ-д ажиллахыг хүсч байвал Оросын эсрэг шугамыг битгий мартаарай” хэмээн Америкийн нэгэн танил улс төр судлаач надад хэлж билээ.
Үнэн хэрэгтээ өрнөдийнхөн Орост итгэдэггүй зан маш эртний түүхэн угтай бөгөөд ЗСБНХУ үүсэхээс ч нэлээд өмнө үүссэн. Редьярд Киплинг нэгэнтээ “Орос хүн дорныхноос хамгийн өрнөдийн гэдгээрээ сэтгэл татам. Гэхдээ тэд өөрийг нь өрнөдийнхнөөс хамгийн дорны гэж үзээсэй гэдэгт өрсөлдөж эхэлбэл тэвчихийн аргагүй санагдана” хэмээн хошигносон билээ.
“Амьд үлдэгсдийг дахиад буудна”
(Америкийн индианчуудын амьдралын тухай бүлгээс)
“Дайрч өнгөрч болохгүй! Зөрчсөн хүнийг буудна. Амьд үлдсэн хүмүүсийг дахин буудна шүү!” гэсэн аварга том плакатыг би Калифорни дахь индианчуудын резервари (уугуул хүн амыг хүчээр байршуулах газар)-д орохдоо харлаа. Хувь тавилангаараа дэнчин тавих хэрэг байна уу гэж бодож ч амжаагүй байх зуур миний машин руу дөрвөн дугуйт мотоцикл унасан дөрвөн индиан дөхөн ирлээ. “Юу вэ. Намайг үнэхээр буудах нь уу?” хэмээн нөхцөл байдлыг сааруулахыг оролдон би хошигномоор аядан асуув. “Мэдээж. Бид та нарыг үнэхээр үзэн яддаг” хэмээн индианчууд нүдээ ч цавчилгүй, огт инээмсэглэхгүйгээр хариуллаа.
АНУ-ын хуулийн дагуу индиан омгийнхон үндэсний цөөнхүүдийн зөвхөн мөрөөдөж л болох эрхийг эзэлдэг. Резервари гэдэг нь бараг л улс доторх улс гэсэн үг. Индиан бизнесмэнүүдэд татварын том хөнгөлөлт үйлчилдэг, резерварид өөрийн гэсэн цагдаа, омгийн шүүгчид гэж бий.
Тэр ч байтугай индиан хүн гэсэн үг ч Америкийн хэвлэлүүдэд бараг хориотой. Үүнийг улс төрийн хувьд зассан “уугуул америк хүн” гэсэн холбоо үгээр орлуулна. Америкийн Засгийн газар аборигенчуудад резерваридаа казино (АНУ-ын бусад ихэнх бүсэд тоглоомын бизнес хориотой) нээх, тамхи татваргүй оруулахыг зөвшөөрдөг. Гэхдээ энэ бүх хөнгөлөлттийг үзүүлдэг ч индианчууд цагаан арьстнуудад урьдын адил дургүй.
“Бидний нөхцөл байдал африк гаралтай америкчуудынхаас эрс муу. Жишээ нь гэхэд ХХ зууны эхэн үед ч индиан боолууд байсан. Бид өнөөдөр ч АНУ-д харийнхан. Нэг жишээ татахад л Осама бен Ладенг устгах ажиллагаа “Жеронимо” (ажиллагааг “Жеронимо” гэдэггүй, “Нептуны жад” гэж нэрлэдэг байсан. Харин “Жеронимо” гэдэг нь зарим мэдээллээр бен Ладенг өөрийг нь буюу түүний үхлийг нэрлэдэг байсан гэдэг) нэртэй. Гэтэл Жеронимо бол Америкийн дайчидтай тэмцэж явсан апачи омгийн домогт удирдагч. Индианы домогт удирдагчийг алан хядагчтай харьцуулах нь индианчуудыг ихээр доромжилсон хэрэг мөн. Америкийн уугуул иргэдийн асуудлыг өнөөдөр ч шийдвэрлээгүй гэдгийг энэ нь дахин баталж байна. Бид бол энэ улсад байгаа харийнхан” хэмээн индианчуудын хүний эрхийн төлөө тэмцэгч, зохиолч, кино найруулагч Чаг Лоури надад цагаан арьстнуудад дургүйгээ тайлбарлахыг хичээж байлаа.
“XIX зуунд цагаан арьстнууд индианчуудыг хүчээр уусгах гэж оролдож байлаа. Хүүхдүүдийг нь тусгай дотуур байранд авч байв. Тэнд сурагчдыг төрөлх хэлээрээ ярих, үндэсний хувцсаа өмсөхийг хориглож байлаа. Буруутай зүйл хийснийх нь төлөө торны цаана хорьж, талх, усаар л хооллож байсан түүхтэй. Колоничлогчдыг эсэргүүцсэн индианчуудыг хөнөөж, хамсаатнуудаа юу ч хийхээс буцахгүй болгож сургаж байлаа. Харин одоо илүү нарийн аргаар бидний ахуйгаас салгах гэж оролдож байна. Тоглоомын бизнес индианчуудын соёлоос тэс хөндлөн. Энэ бизнес Америкийн аборигенчуудыг төөрөлдүүлж байна” хэмээн индиан зохиолч надад учирласан юм.
“Жолооны ард бүү уу!”
Лоури жуулчдад нээлттэй илүү том резерварийг надад хэлж өгсөн юм. Түүний зөвлөснөөр би Аризона дахь Навахо резерварид очиж үзсэн. Хэмжээгээрээ Латви улсаас ч томхон энэ газар нутгийн иргэд өөрсдийн резервариа “Навахо үндэстэн” гэж нэрлэдэг бөгөөд тэднийг зөвхөн омог гэж үзэх юм бол маш их гомддог. Резервари үнэхээр улсын шинжтэй. Энд өөрийн гэсэн Засгийн газар, парламент, далбаа, цагдаа бий.
Аризонад нэрлэдгээр “Индианчуудын орон” хэмээдэг энэ буланд хамгийн түрүүнд гайхашруулсан нэг зүйл бол “Жолооны ард бүү уу” гэх америкчуудын хувьд маш хачирхалтай замын самбарууд байлаа. Өнөөдөр индианчуудын бүхий л резерварид хатуу хуурай хууль үйлчилдэг мөртлөө хэмжээгээрээ хамгийн том барилга байгууламжууд нь архичид, хар тамхичдын сэргээн засах төвүүд байх жишээтэй.
АНУ-ын энгийн бүсүүдээр явсны дараа би гуравдагч ертөнцийн ямар нэгэн улсад хүрээд ирчихсэн юм шиг л санагдсан. Орон нутгийн бизнес нь ихэнхдээ индианчуудын бэлгэ дурсгал, индиан жороор хатаасан “жерки” гэх махны худалдаа эрхэлдэг жижиг дэлгүүрүүд байна. Худалдаагаа бүдүүлэг, болхи саравчинд юм уу зүгээр л замын дагуу байршуулсан лангуун дээр явуулна. Иймэрхүү зах маягийн зүйлийг би өнөөдрийн Тажикстан, Орост 90-ээд оны эхээр л харж байсан санагдана. Цагаан арьст жуулчид нэгэн хэвийн урлалыг нэг их худалдан авахыг бодохгүй. Худалдаачид өдөрт арваад доллар оллоо л бол үүнийгээ аз гэж үзнэ.
Асфальтан зам резерварийн хамгийн том суурингуудыг л холбосон болохоор жижиг тосгодод шороон замаар явж хүрэхээс өөр аргагүй. Цахилгаан, ус дамжуулах шугамыг ч мөн гол суурингуудад оруулсан байна. Олонхи индиан хүн цөлд алсхан фермд, гэрэл, усгүй нөхцөлд аж төрөхийг илүүд үзнэ.
Гаитигаас долоон дор
Навахогийн индианчуудаас хамаагүй дор байдалтай резервариуд ч байдаг аж. Тухайлбал, Лакота омгийн резерварид амьдралын түвшний ихэнх үзүүлэлт дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн ядуу улс гэгдэх Гаитигаас долоон дор.
Жишээ нь гэхэд Өмнөд Дакота дахь Роузбад резерварид дундаж наслалт 46 байхад Гаитид 47 байдаг. Лакотагийн индианчуудын дунд хүүхдийн нас баралт АНУ-ын дундаж үзүүлэлтээс гурав дахин их бол сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн тоо Америкийн дундаж үзүүлэлтээс найм дахин өндөр.
Мэдээж ийм аймшигтай үзүүлэлтүүдийг ихэвчлэн индианчуудын дунд тархсан архидалттай (архичдын хувь АНУ-ын дунджаас 5,5 дахин их) холбон тайлбарладаг. Ямартай ч ийм статистик дэлхийн хамгийн хөгжингүй улсад байна гэхээр үнэхээр хачирхалтай.