Хошууч генерал Поклонская Японд од болсон шалтгаан
Сонин ХачинМанай хойд хөршт цахим ертөнцийн од, тэр дундаа япончуудын шүтээн болсон нэг бүсгүй бий. Тэр зүгээр ч нэг бүсгүй биш Оросын армийн хошууч генерал. Энд Крымийн прокурор болж суга мандсан бөгөөд Путины зарлигаар хошууч генерал цолтой болж, од болон мандсан Наталья Поклонскаягийн тухай өгүүлнэ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн прокурор Наталья Поклонскаяд генерал цол олгох тушаалд өнгөрсөн оны зургадугаар сард гарын үсэг зурсэн юм.
Үнэндээ бол Холбооны улсын гуравдугаар зэргийн улсын яллагч цол хүртсэн нь армийн хошууч генералтай дүйцэхүйц цол байсан юм.
Гэхдээ түүнийг албан ёсоор генерал хэмээн захирагдагсад нь хүндэлдэг. Одоо тэрээр 36 настай бөгөөд 2014 онд Крымийн прокурорын албаа хүлээлгэн өгснөөс хойш 2015 онд Төрийн Думад Нэгдсэн Орос намаас нэр дэвшин оролцож байлаа.
Тэрээр оросын иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй бөгөөд тэр хэрээрээ улс төрийн өндөр карьертэй нэгэнд тооцогдож байгаа юм.
Наталья Поклонская эх орондоо төдийгүй дэлхий даяар их алдартай, ялангуяа интернэтэд.
Ялдам, хонгорхон дүртэй энэ бүсгүй Украинд төрийн эргэлт болох үеэр анх нэрд гарчээ.
Крымийн оршин суугчид бүх нийтийн санал хураалт явуулж Украинаас өрх тусгаарлах үед л Н.Поклонская өөрийн мөн чанараа харуулж чадсан.
Хэр баргийн эрс (зарим мэдээгээр 4 эрэгтэй прокурор дараалан) Крымийн прокурор болохоос татгалзаж байлаа, өөрөөр хэлбэл Украин, Оросын зөрчлөөс айсан хэрэг.
Харин энэ үед Наталья Поклонская өөртөө томдсон хариуцлага үүрэхээр зориг гаргажээ.
Тухайн үед прокурор Наталья Поклонская Украины хууль зүйн ахлах зөвлөх буюу хурандаа цолтой байлаа.
Ингээд түүнийг алдаршуулсан "Миний хоёр өвөө хоёулаа Аугаа эх орны дайнд фашистын эсрэг эрэлхгээр тулалдаж амиа алдсан.
Нацистууд болон бандеруудтай би хамтран ажиллахгүй.
Оросын төлөө л ажиллана" хэмээн хэлсэн байдаг.
Улмаар бүх албан тушаалаасаа сайн дураар татгалзан төрөл төрөгсөд нь байгаа Крымд иржээ.
Үүний төлөө Украин улс түүнд эрүүгийн хэрэг нээж, баривчлах тушаал өгч.
Мөн Европын холбоонд дансыг нь битүүмжлэх, хил нэвтрүүлэхгүй байх Оросын эсрэг хоригт багтсан албан тушаалтнуудын дунд нэрийг нь оруулсан.
Крымийн ерөнхий прокурорын албан тушаалыг тэр үед Крымийн бүгд найрамдах улсын Сайд нарын зөвлөлийн дарга байсан Сергей Аксенов санал болгожээ.
"Ерөнхий прокуророор эрэгтэй хүн томилогдох ёстой байсан.
Тэргүүлэгчдийн хуралдаан дээр ингээд тохирчихсон байсан.
Гэвч С.Аксенов сүүлчийн мөчид татгалзсан” хэмээн Поклонская дурсаж байна.
Крымийн бүх нийтийн санал асуулга болохын өмнөхөн Аксенов утас цохиж ерөнхий прокурор болох санал тавьжээ.
Тэрээр саналыг зөвшөөрч "Прокурор болсон ч яахав. Саналын хуудас хэвлээд зогсож байсан ч яахав” гэж хариулжээ.
2014 оны гуравдугаар сарын 5-нд ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайкагийн тушаалаар Крымийн бүгд найрамдах улсын прокурорын газрыг байгуулж, ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Наталья Поклонская томилогдсон юм.
"Над руу утасдаж, айлгаж, шоронд суулгана, ална хэмээн сүрдүүлж байсан.
Украины ерөнхий прокурорын газрын ажилтнууд утасддаг байсан.
Намайг Крымийн бүгд найрамдах улсын прокурорын газрыг одоо орхивол гэмт үйлдлээс сайн дураар татгалзсан гэж үнэлэх болно, үгүй бол бид тусгай хүчнээ явуулж чамайг баривчилж, шоронд хийх болно гэж шууд хэлдэг байсан.
Би тэдэнд "Фашистуудад үйлчилж байснаас шоронд суусан нь дээр” гэж хэлсэн” хэмээн Н.Поклонская ТАСС-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
"Би тэднээс айгаагүй.
Том хариуцлагыг өөртөө авах хэрэгтэй болсон” хэмээн тэрээр дурсан ярьжээ.
Тэр жилдээ арванхоёрдугаар сард Поклонскаягийн амь насанд халдах гэж оролдсон юм.
Симферополь дахь прокурорын газрын байрны гадаа байсан автомашинаас Крымийн ардын босогчдын бүлгийн ажилтнууд дэлбэрэх бодистой цүнх илрүүлсэн ажээ.
Улмаар охиныхоо аюулгүй байдлыг бодолцон тэрээр албан тушаалаа өгч Орост шилжиж ирсэн юм.
Гэхдээ түүний алдар нэр япончуудтай ихээхэн холбоотой.
Крымийн прокуророор томилогдмогц л тэрээр яагаад ч юм япончуудын шүтээн болж эхэлсэн бөгөөд интернэт хэрэглэгчид Натальягийн өсвөр насны охин мэт ялдам дүр төрхийг Японы анимэгийн гол баатартай адилтган шүтэж эхэлсэн байдаг.
Ингээд л тэр интернэтийн од болжээ.
Тэдний дунд Японы экс Ерөнхий сайд Юкио Хатояма ч бий.
Энд түүний фэн клубууд олноороо байгуулагдсан бөгөөд ярилцлага бичлэгийг нь сая сая хүн үздэг гэнэ.
Натальягийн тухай дуу зохиож, компьютер тоглоом бүтээж, хүүхэлдэйн кино хийсээр.
Түүний тухай дуулсан зөвхөн "Nyash Myash" бичлэгийг өдөрт 1 сая япон хүн үзсэн гээд төсөөл дөө.
Одоо тэрээр Орос Японы найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг аж.