ОХУ дахь афган иргэдийг шүүх албадан гаргахаар шийджээ
ДэлхийОХУ-ын Санкт-Петербург хотноо "Евро-2020" хөл бөмбөгийн тэмцээн үзэхээр очсон Афганистаны таван иргэнийг албадан гаргах тухай шүүхийн шийдвэр гарчээ.
Афганистанд төрийн эрх "Талибан" хөдөлгөөнд шилжихийн өмнөхөн Оросын эрх баригчид талибуудаас зугтсан М гэх эмэгтэйг гэр бүлтэй нь Кабул руу буцаажээ.
/Тус нийтлэлд дурдагдсан хүмүүс эх орондоо очоод амиа алдах эрсдэлтэй тул нэрсийг нь нууцалсан гэв./
ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ДАРАА АЛБАДАН БУЦААХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
2021 оны долоодугаар сарын сүүлээр Санкт-Петербургийн шүүх Афганистаны таван иргэнийг албадан буцаах шийдвэр гаргасан байна. Тэд Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах Евро-2020 тэмцээн үзэхээр очсон бөгөөд долоодугаар сарын 12-нд тэмцээн өндөрлөхөд гэртээ харилгүй Оросод үлджээ. Улмаар тэднийг Гадаадын иргэн ОХУ-д оршин суух журам зөрчсөн хэмээн шүүхээс 5000 рублиэр торгож, нутаг буцаах шийдвэр гаргав. Ингээд афган иргэдийг Петербург дэх Гадаадын иргэдийг түр хугацаагаар орогнуулах төв рүү явуулжээ.
Зургаан хүнийг албадан буцаахаар шийдсэн бөгөөд А.М. гэх иргэн нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргаагүй тул наймдугаар сарын эхээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэжээ. Гэвч тухайн иргэнд өмгөөлөгч байгаагүй аж. А.М. нь тажик болон орос хэлтэй, орчуулагчийн тусламжтай хэргийн материалтай бүрэн танилцсан, өмгөөлөгч авах шаардлага байхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай шүүхийн шийдвэрт дурдсан байна. Гэхдээ А.М. эх оронд нь "террорист "Талибан" хөдөлгөөнөөс болж нөхцөл байдал хурцадмал байгаа учраас гэртээ харихаас айж байна" гэж мэдүүлжээ.
Гэвч шүүхээс түүний хүсэлтийг үл тоосон бөгөөд түүний амь насанд заналхийлэх бодит аюул харагдахгүй хэмээн үзэж эх орон руу нь буцаах шийдвэр гаргасан байна.
Афганистанд төрийн эргэлт гарахаас өмнө буюу өнгөрсөн долоодугаар сард Петербургээс нэгэн бүсгүйг гэр бүлтэй нь эх орон руу нь буцаах шийдвэр мөн шүүхээс гаргасан байна.
Түүний өмгөөлөгч Ольга Цейтлина "Гурван долоо хоногийн өмнө М. бүсгүй болон түүний гэр бүл /өндөр настай эцэг эх нь-нийт хоёр эрэгтэй, гурван эмэгтэй, 12 настай охин/ Афганистанд төрийн эргэлт гарахаас өмнө Оросоос орогнол хүссэн. М.-ийг хүчээр нөхөрт гаргах гэсэн талибуудаас тэд зугтаж байсан юм билээ" хэмээн хэлжээ. Гэвч тэднийг Гадаад иргэдийг түр орогнуулах төв рүү шилжүүлж, дараа нь албадан буцаасан байна.
Эх орон руу нь буцаахаас өмнө хүүхэд эмэгтэйчүүдийг эрчүүдээс нь салгаж, тусад нь явуулсан. "Эмэгтэйчүүдэд нь юу тохиолдохыг мэдэхгүй байна. Тэд төрийн эргэлт болохын өмнөхөн эрчүүдийнхээ дэмжлэггүйгээр Кабул руу ниссэн. М.-ийн хувьд хүчээр гэрлэхээс зугтсан шүү дээ" гэжээ.
ЭДГЭЭР ИРГЭДИЙН ЗАРИМ НЬ ТАЛИБУУДТАЙ БАЙЛДАЖ ЯВСАН ГЭЖЭЭ
Хөл бөмбөг үзэхээр ирсэн дөрвөн иргэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Наймдугаар сарын 17-ны өдөр Санкт-Петербург хотын шүүх гомдлыг хэлэлцсэн байна. Тэд оросоор ярьдаггүй бөгөөд шүүхийн шийдвэрийг төрөлх пушту бус перс хэлээр орчуулсан байсан тул ойлгоогүй гэжээ.
Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авсан байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан афган иргэдийн нэгнийх нь аав ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан гэж мэдүүлсэн бол нөгөө нь талибуудтай байлдаж явсан, мөн аав нь Афганистаны аюулгүйн албанд ажиллаж байсан учраас эх орон руугаа буцвал амиа алдах эрсдэлтэй гэжээ. Үлдсэн хоёр нь ч мөн ижил түүхтэй аж.
Тэднийг аврах ганц арга зам бол Европын хүний эрхийн шүүхэд хандах явдал гэж Оросын "Цагаачлал ба хүний эрх" сүлжээний өмгөөлөгч нар үзэж байна. Тэдгээр өмгөөлөгч нар Евро-2020 тэмцээнийг үзэхээр ирээд нутаг буцаагүй байгаа афган иргэдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС