АТГ-ын дайчлах ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабраторийн албаны дарга С.Энхзаяаг өнгөрсөн шөнө баривчилжээ
НийгэмОношлуур тойрсон бизнэсээс эхлээд цар тахлын хүнд цаг үед үгсэн хуйвалдаж, ард иргэдээ шулж, ашиг хонжоо хайсан ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудын талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл шуналын тулам, “идэхийн” хүслэн болсон зарим эмч, эрх мэдэлтний үйлдсэн булхай дахин дэлгэгдэж эхэлсэн бололтой.
Тодруулбал:
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабраторийн албаны дарга С.Энхзаяаг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилжээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэлийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Улсаас төсөвлөсөн оношлуурыг тэд хүрэх ёстой иргэд, зорилтот бүлэгт нь хүргэлгүй, цааш дамлан худалджээ
Мөн эх сурвалжийн мэдээлснээр С.Энхзаяа дараах хууль бус үйлдлүүдэд гар бие оролцдог байсан гэнэ.
Үүнд:
ХУВИЙН ЛАБРАТОРИУДТАЙ СҮЛЭРСЭН:
Тэрбээр ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, хувийн лабраториудад хийсэн ПСР шинжилгээний хариуг шуурхай гарган өгдөг байжээ.
Үүнийхээ хариуд их хэмжээний авлигал авдаг байсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, ид хөл хорионы үед хөдөө, гадаа явах хүсэлтэй иргэд “Хариу нь маш хурдан гардаг” хэмээн хувийн эмнэлэг, лабраториудад үнэтэй шинжилгээ өгдөг, харин тус шинжилгээний хариуг С.Энхзаяа болон түүний хамсаатнууд гаргадаг байжээ.
Тэднийг ийнхүү бизнесээ цэцэглүүлж байхад ядарсан иргэд ПСР шинжилгээнийхээ хариуг 72 цагаас дээш хугацаагаар хүлээдэг байсан.
УЛСЫН ХӨРӨНГИЙГ УУЛ, УУРХАЙН КОМПАНИД ДАМЛАСАН НЬ:
Тэрбээр мөн л нэр бүхий этгээдүүдтэй нийлж их хэмжээний ПСР оношлуурыг уул, уурхайн компаниудад зарсан байдаг.
Тухайлбал:
ХӨСҮТ-өөс “Манай эмнэлгийн ПСР шинжилгээний оношлуурын нөөц дууссан” хэмээн мэдээлж үймж, сандарсан ард иргэд хувийн эмнэлгүүд рүү шуурсан цаг үе бий.
Үнэн хэрэгтээ нөөц байсан атал улсаас төсөвлөсөн оношлуурыг тэд хүрэх ёстой иргэд, зорилтот бүлэгт нь хүргэлгүй, цааш дамлан худалджээ.
Үүнээс гадна Эрүүл мэндийн яам, УОК болон холбогдох байгууллагаас хяналт, шалгалт хийхээр очиход “Манайд коронавирусын төчнөөн тохиолдол илэрлээ.
Та нар ирвэл эрсдэлтэй.
Бид улаан бүсээс гарч уулзах боломжгүй” зэргээр амыг нь таглаж, удаа дараа аргалсан байна.