Ажил хэрэгч хүний шинжүүд
НийгэмАжил хэрэгч, хурдан шалмаг, чийрэг хүмүүсээс залхуу хойрог, унжгар наазгай хүн илүү их ядардаг.
Зохион байгуулалт сайтай хүмүүсийн ажлын үр дүн их сэтгэл ханамжтай байдаг учир ажил хэрэгч хүний дүрмийг танд толилуулж байна.
1. Зорилгоо яв цав тодорхойлох
Чухам юу хийхээ сайн мэдээгүйгээс болж олон хүн цаг хүчээ ашиггүй зарж байна. Ямарваа ажлыг эхлэхийн өмнө бололцооны хэрээр өөртөө тавьсан зорилгоо тодорхойлох нь чухал.
2 Гол зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх.
Ажлын өдрийн эцэст маргааш хийх ажлаа тусгай цаасан дээр бичиж ав. Энэ жагсаалтаас хамгийн чухал, хойшлуулшгүй ажлаа хийж эхлэх, түүнийг хойш тавихгүй, орхихгүй байх хэрэгтэй.
3. Өөрөө урамших хэрэгтэй.
Бид дуртай зүйлээ сайн хийдэг. Ийм учраас заавал гүйцэтгэх ажлаа надад таалагдаж байна гэж өөрийгөө ятгаж өөртөө итгүүлж *;адвал ажлын үр сайн, хийж байхад ч урамтай.
4. Хатуу хугацаа тогтоо.
Аливаа ажил гүйцэтгэхдээ тогтоосон хугацаа чинь бодьтой тодорхой байх ёстой. үүнийгээ гүйцэтгэж байхдаа хугацааг хатуу баримталж ажлыг дуусгахгүйгээр маргааш гэж бүү хойшлуул. өөртөө нигүүлсэнгүй хандаж болохгүй.
5. Шийдвэртэй байж сур.
Аливаа нарийн төвөгтэй ажилд орохын өмнө эргэлзэж шийдэж ядаад байх хэрэггүй. Хэрэв тэгвэл 2 бухал өвсний алийг нь идье дээ гэж шийдэж ядсаар байгаад өлбөрч үхдэг илжигний үлгэр шиг юм болно. Иймд өөрт байгаа баримт зүйлээ эрэгцүүлэн түргэн зуур бодож сэтгээд, шийдвэр гаргаад ажилдаа шууд ор.
6. “Үгүй ” гэж хэлж сур
Хэрвээ энэ үгийг чи хэлж сурахгүй юм бол өөрийнхөө дураар хэзээ ч хийхгүй тийм ажил хэрэгт орооцолдсон байх болно. Таны хүсэл бодол төлөвлөгөөтэй зөрчилдөж байгаа бол бусдын ятгалганд автагдаж болохгүй.
7. Утсаар удаан ярьж болохгүй.
Утасны чагнуурыг өргөхөөсөө өмнө ямар мэдээлэл авах, өгөх гэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүй бол утсаар солилцох жирийн мэдээлэл болгоныг үргэлжилсэн чалчаа яриа болгож болохгүй.
8. Тэмдэглэлийн дэвтэр хэрэглэж сур.
Ямар нэг чухал мэдээг тогтоох, дараа нь түүнээ санах гэж нэг удаа ч гэсэн та зовж үзсэн нь магад юм. Юм болгоныг тогтоохыг хичээх хэрэггүй. Хэрэгтэй утасны дугаар, нэр, хаяг, сар, өдөр гэх мэтийн зүйл болон төрсөн санаа бодол, сэтгэгдэл, зорилго, ажиглалт зэргээ хэдий эрт тэмдэглэлийн дэвтэрт бичиж сурна вэ төдий чинээ оюун ухаанаа ядраахгүй байж чадна.
9. Яршигтай саад тотгор.
Ажлын цагаар урт яриа дэлгэх, алиа марзан зүйл ярих, хөл бөмбөг, бөхийн тухай маргалдах дуртай хүмүүс таны төлөвлөгөөг нураах аюултай. Хүний ажлын цагийг хайрлах сэтгэл бодлыг тэдэнд төрүүлэх чадал бидний хэнд маань ч бий. Харин үүнийгээ хэнийг ч гомдоолгүй эвтэйхэн хийх хэрэгтэй. Ер нь хүмүүсийн ярианд санаагаа сарниулалгүй ажлаа үргэлжлүүлж сураарай.
10. Сонсож сур
Өдрийн турш сонссон ажил хэргийн мэдээлэл дотроос зөвлөгөөн, уулзалтын цаг тань зорилготой холбоотой гэх мэт хуучин төлөвлөгөөг тань эвдэж байгаа эсэхэд хамаарах гол мэдээллийг ялгаж сурахыг хичээ.
11. Арга барилын тухай.
Бидний ихэнх нь ажлаа сурсан зангаараа боловсронгуй болгож болох эсэх тухай тогтож бодолгүй нэг л хэмээр гүйцэтгэдэг. Ажлын цагийн нөөцийг бүтээлчээр ашиглах, хөдөлмөрөө хөнгөвчлөх, оновчтой арга олох нь зөвхөн үр ашиг өгөөд зогсохгүй урам зориг их сэргээдэг байна. Адил төстэй ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн аргаас судалж суралцвал ашигтай.
12. Бага зүйлийг орхигдуулж болохгүй.
Нүдний шил, түлхүүр юм уу юухнаа ч гэсэн мартчихвал ажилд тань саад болно. Аль халаасанд мөнгө, баримт бичиг байгаа, хаана тэмдэглэлийн дэвтэр түлхүүр буйг яв цав мэдэж гэрээс гарахдаа ус, гэрэл зэргээ шалгаж хэдий эрт сурвал төдий чинээн сайн. өглөө авч явах юмаа заавал урьд орой нь бэлтгэ.
13. Ажилдаа шууд ор.
Цаг алдахгүйг хичээх хэрэгтэй. Хэрвээ та юуг яаж хийхээ сайн мэдэж байгаа бол ажилдаа шууд л орох хэрэгтэй. Ажлынхаа дэс дараа бэлтгэл зэргийг урьдчилан хийхийг хичээвэл сайн.
14. Цагаа бүрэн ашигла.
Гэрээс ажилдаа очих замыг ашиглан ажлаа гүйцэтгэх дэс дараа, төлөвлөгөө яаж хийх аргаа бодож боловсруулбал ажлын цаг тань нилээд уртсана.
15. Амралтын цагтаа амарч бай.
Ээлжийн амралт, амралтын өдөр юм уу, оройн цагийн алины нь ч тухай яриа болоход ямар юм хийвэл хамгийн сайхан амарч чаддагаа бараг хүн болгон мэддэг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь биеийн тамирын дадлага, бэлтгэл сургууль, кино театр, телевизийн нэвтрүүлэг, ном унших, авгай хүүхдүүдтэйгээ зугаалах, найз нөхөд, ах дүүстэйгээ уулзах зэрэг болно. Гэхдээ хүн амраад ирснийхээ дараа амрах шаардлага гардаг тохиолдол бас л их байдаг.
Шөнө дөл өнгөрсөн хойно хөзөр тоглохоор эхлэх, толгой эргэтэл тамхи татсан өрөөнд шатар тоглох, ресторан, кафе, пивоны мухлагт удаан хугацаагаар хоосон яриа дэлгэх. Телевизийн нэвтрүүлэг эхнээс нь аваад эцсийг нь хүртэл харах зэргээр амарсан хүмүүст дээрх байдал ихэнхдээ тохиолдож байна. Ийм байдлаар цаг нөхцөөх явдал залхуу хойрог өөрийгөө захирч чадахгүй, сэтгэх чадвар муутай байдлаас урган гардаг ажээ. Ийм хүн амарч байхдаа ядарч эрүүл мэнд нь муудаж сэтгэл санааны хувьд өөдрөг тэмүүлэлгүй болж ажлын дадал, ур чадвараа аажмаар алдах, өмнөө тавьсан зорилгоо хэзээ ч биелүүлэхгүй болох аюулд орж болзошгүй.
16. Хийдэг ажлын аргаа өөрчил.
Ажлын өдрөө суугаа байдлаар гүйцэтгэдэг ажлыг зогсоо маягаар хийж болох зүйлтэй ээлжлэхээр төлөвлөх нь зүйтэй. Хэрвээ энэ арга хэрэгжих нөхцөлгүй бол суугаа байдлаас үүсэх ядаргаа багасгах дасгал хөдөлгөөнийг үе үе хийх хэрэгтэй. Ийм тохиолдолд гүйлт, усанд сэлэх, цана, тэшүүр зэрэг спорт тоглоом, биеийн хүчний дасгал зайлшгүй хэрэгтэй.
17. Эртхэн эхэл
Хэрэв та ажлаа 15-20 минутын өмнө эхэлж чадвал бүхэл өдөртөө ажлаа гүйцэтгэх бие сэтгэл бэлэн байна гэсэн үг.
18. Хүний болон өөрийн цагийг хүндэтгэх хүмүүжилтэй болох
Хүний болоод өөрийн өндөр үнэлж сурах хэрэгтэй. Энэ таны өөрийгөө хянаж өөртөө дүгнэлт хийхэд чинь туслахаас гадна хариуцлагагүй байдал, сул яриа дэлгэх дутагдлаас ангижрахад их хэрэг болно. Ер нь хүн ядарч туйлдах нь их ажил хийсэндээ ч бус харин муу хийдгээс л болдог гэж алдарт физиологч Н.Е.Введенский бичсэн байдгийг санагтун.