"Андлалын өргөө"-ний бүтээн байгуулалтын ажил зогссон"
НийгэмТүүхэн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө" цогцолбор барьж буй. Сүүлийн үед олны шүүмжлэл дагуулсан энэ бүтээн байгуулалтыг буулгах тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болов. Энэ өргөөнд монгол эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйл хийхээр төлөвлөөд байсан юм. Гэвч улсын төсвийн хоёр тэрбум төгрөг салхинд хийсэх бололтой.
Батноров сумын Засаг дарга Д.Жамбаагаас энэ талаар тодруулахад "Цогцолборын бүтээн байгуулалтын ажил одоо зогсчихсон байгаа. Энэ цогцолборын зураг төслийг гаргасан авторын оюуны өмчийн маргаан үүссэн юм шиг байна лээ. Энэ талаар бид нарийн мэдээлэлгүй байна. Ямар ч байсан манай нутагт "Андлалын өргөө"-г барьж байгаа ч үргэлжүүлж барих эсэхийг би мэдэхгүй. Би ажлаа аваад удаагүй” гэж хариулсан юм.
Цогцолборын загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргасан.
Уг цогцолборыг байгуулахаар таван тэрбум төгрөг төсөвлөсний хоёр тэрбумыг нь улсын төсвөөс, үлдсэн мөнгийг нь хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлсэн гэх мэдээлэл бий. Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Тайванжаргал "Андлалын өргөө"-г хоёр тэрбум төгрөгөөр барьсан. Энэ жил цахилгаан, дэд бүтцийг шийдэхэд улсын төсвөөс 600 сая төгрөг төсөвлөсөн" гэж хэлж байлаа.
Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Андлалын өргөө”-г нураах албан ёсны шийдвэр гараагүй. Ер нь цогцолборын барилгын ажил дууссан. Цахилгаан эрчим хүч татах ажил ч дууссан. Одоо гадна тохижилтын ажил л үлдсэн. Гадна тохижилтын ажлын санхүүжилтийг энэ оны төсөвт тусгах санал хүргүүлсэн. Одоо бүтээн байгуулалтын ажил зогссон. Барилга угсралтын ажил дуусаад ашиглалтад орно гэж төлөвлөж байсан” гэв.
Түүх дурсгалтай уялдуулан Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн байхдаа энэ цогцолборыг байгуулах санаачлага гаргасан билээ.
Урьдчилсан тооцооллоор "Андлалын өргөө"-нд захирал, нарийн бичиг, хөтөч, үйлчилгээний ажилтан, манаач гээд 9-10 хүн ажиллаж, дэргэд нь 100-150 хүний хүчин чадалтай зочид буудал барихаар төлөвлөсөн талаар тухайн үеийн орон нутгийн удирдлага хэлж байв.