Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 11,749 ам метр газрыг чөлөөлөөд байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-20 00:55:16

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

Өнгөрсөн долдугаар сарын зөвлөлийн хурлаар Хотын дарга “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 11,749 ам метр газрыг чөлөөлсөн бөгөөд тус газруудыг нийтийн эдэлбэр газар болгох санал гаргаад байна.

Газар чөлөөлсөн байршлуудаас 14 нь тохижилт, ногоон байгууламж хийх боломжтой. Тус байршлуудад явган хүний зам, ойн төгөл, бичил цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн иргэдийн амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөнд халтай зүйл бол ил задгай цахилгааны утас. Тэгвэл нийт 491 байршилд ил задгай цахилгааны утас байсныг олж тогтоосноос 200 байршил дахь зөрчлийг газар дээр нь арилгаж, цахилгааны утсыг цэгцлэн засварлаж, аюулгүй байдлыг хангалаа.

Мөн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн хүүхдийн тоглоомын 419 талбай байгаагаас 120 байршил дахь зөрчлийг арилган, талбайг засаж, сайжруулжээ. Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдал алдагдсан 2,277 зөрчил байгаагаас 1,320 байршилд зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж, 1,283 байршил дахь зөрчлийг арилгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар чөлөөлсөн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа.

Мөн чөлөөлсөн байршлуудыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, нийтийн биеийн тамирын зориулалтаар тохижуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов

Эх сурвалж: 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ