Р.ЭМҮЖИН: #ТҮҮХИЙН АНГАЛ РУУ УЛСААРАА УНАХ ХЭРЭГГҮЙ
НийгэмЭмүжин Афганистаны дүрвэгсдийг Монголд оруулъя гэж улс төр хийж байгаа #увайгүй этгээдүүдэд дараах үгсийг зориулжээ:
Ус гол буцаж урсдаггүй, урссан цус буцаж нийлдэггүй...
Үндсэрхэг гэвэл би ч бас үндсэрхэг.
Гэхдээ хэдэн зуун ном уншиж, хэдэн зуун нийтлэл бичиж тунгаасны хувьд хэдэн үг хэлье.
-Түүхээр улс төр хийх хэрэггүй
-Түүхийн ангал руу улсаараа унах хэрэггүй
-Түүхч болж тоглох хэрэггүй
-Түүхэн цаг үеийг буцаан эргүүлэх гэж дороо эргэцэх хэрэггүй
-Түүх дотор амьдарч, түүхий шийдвэр гаргах хэрэггүй.
Ерөөсөө л хэрэггүй. Түүхээс суралцаж харин болно.
Их хаадын гэрэл цаглашгүй хэдий ч сүүдэр бас бий, их гүрний хаяа уужим хэдий ч хатавч хатуу.
Гол ус буцаж урсдаггүй, ус гол эргэж үерлэдэггүй. Дэлхийгээр нэг цацсан монгол цус буцаж урсахгүй, дэндүү том золиос төлөн байж бид энэ цагт, энэ үед ирснийг, одоо ч төлсөөр байгаа гэдгээ бүү март.
Цэнхэр гаригаар нэг тархсан монгол цус буцаж нийлэхгүй, цэрвүү холын аянд алсран холдож, ахин нэг өөр түүх, өөр зүг чиг, өөр язгуурт ярган шингэсэн, энэ үнэн.
Тунаж үлдсэн тусгаар монголчуудын туулж яваа цаг үе, туучиж яваа амьдрал, тулж яваа багана, бүтээж буй түүх, бүрэн хил хязгаар, хайрлан манасан эх орон, хагасарч сахисан тулганы гал өөр юм, өвгөдийн минь амиараа сольж, өвөлжөө бууцаараа арилжин байж авч үлдсэн цучил юм, өнийг зорих өнөөдөр юм.
Золиосоо төлөн байж олж авсан зовлон, жаргалын дундуур зоргоор үргэлжлэх ирээдүй юм.
Өр эмтэрсэн ч өрцөн чанад дарж өнгөрөөх үе гэж байдаг.
Элэг эмтэрсэн ч эгэмэн чанад дарж эргэх үе гэж бас бий.
Халхын нутаг уудам ч хазайхын цагт хэцүү, Монголын нутаг уудам ч мордохын цагт догшин шүү.
Хүсвэл харин өөрсдөө очоод хүйтэн дайны гал дундуур шургаж болно, хорихгүй.
Холоо бодон үг хэлж, хойчоо санаж үйлдэл хийхээ харин бүү мартаарай.