Морь унасан толгойгүй АН
Улс ТөрЧаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй хоцорсон Ардчилсан нам малгай тавих толгойгүй, толгой тавих орон ч үгүй явна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, бүртгэлгүй, тамгатай, тамгагүй хоёр даргатай АН-ынхан хувь заяагаа өөрсдөө шийдэж чадахгүй явсаар өрөөлөөр шийдүүлэх дээрээ тулав. Үндсэндээ, Ардын нам хүсвэл АН сэргэнэ. Үгүй бол "амьд үхдэл" болно. Ийм сонголттой учирсан өөрсдийнх нь хийсэн үйлийн үр.
Өнөөдрөөс долоон сарын өмнө АН-ын нэр бүхий гишүүд нам нь сүнсээ олоход туслаж дэмжихийг гуйж зогссонсон. Гэвч АН сүнсээ олох нь бүү хэл, сүнсийг нь дуудах ламаа олж чадсангүй. Сүнсээ төрүүлж, намаа хутгалж, өөрсдийгөө хорлосон нь үнэндээ Ардчилсан намынхан өөрсдөө.
Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ ердөө 72 мянган хүний санал авснаар дараалсан гурван удаагийн сонгуульд сөрөг хүчин үнэмлэхүй ялагдав.
Ялагдал бүхнийхээ дараа намын өөрчлөлт, шинэчлэлтийг ярьж, хөндөж ирсэн ч Ардчилсан намын хагарал талцал, хэрүүл зодоон 2012 оноос тоолбол яг есөн жил үргэлжилж байна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд эвлэрч нэгдэх хүсэлтийг С.Эрдэнийн талынхан тавьсан ч О.Цогтгэрэлийн бүлэглэл ойшоосонгүй. Тэгэхээр нөхөн сонгуульд Ардчилсан нам улс төрийн хувьд нөхөөс болж чадахгүй нь ойлгомжтой байна.
Үнэндээ, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнэ саналаа өгсөн 72 мянган сонгогчийн хэд нь яг АН-ын гишүүн бэ гэвэл хэцүүхэн дүр зураг харагдаж болзошгүй. Ханцуй дотроо тонгорог нуугаад, намын нэр дэвшигчээ “хутгалж" явсан зарим нөхдүүд сонгуулийн дараа матрын нулимс унагаж, худлаа жүжиглэхээ ч мартаагүй юм.
Увсад нэр дэвшигчийнхээ эсрэг ил цагаан ажилласан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хүртэл С.Эрдэнэд саналаа өгсөн гэж илтэд жүжиглэж, өөдгүй хүн болохоо харуулчихсан. Энэ мэтээр өнгөрсөн сонгуульд Ардчилсан намын гишүүд намынхаа эсрэг ажилласнаар Монголд Ардчилсан нам байхгүй болсныг баталсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх.
З.ЭНХБОЛДЫН АЛДАА
Холимог тогтолцооны ачаар УИХ-д 35 суудал авсан Ардчилсан нам Үндсэн хуулийн Цэцтэй үгсэн хуйвалдаж, жижиг тойргоор сонгууль явуулахаар болсон нь З.Энхболдын хийсэн хамгийн том алдаа байсан.
Тухайн үед мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь Ардчилсан намд болон Монголын улс төрд ашиггүй болохыг олон хүн түүнд хэлж, сануулж байв. Пропорциональ тогтолцооноос ухарч, мажоритар системээр явуулсан УИХ-ын 2016 оны сонгуульд МАН нийт сонгогчдын 45.5 хувийн саналаар парламентад үнэмлэхүй ялалт байгуулсан бол 2020 онд 45 хувийн санал авч, 62 суудалтай болсон. Гэтэл Ардчилсан нам 2016 онд 33, 2020 онд 24 хувийн санал авч, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай хоцорсон юм.
Товчхондоо, З.Энхболдын зөрүүд зангийн үйл лайг АН төдийгүй өөрөө ч эдэлж явна.
"Унасан бөхөд шалтаг мундахгүй" гэгчээр Ардчилсан нам алдаа болгоноо эсрэг хүчин, цөөн хүнд нялзаасаар, өөрсдийнхөө толгой дээрх тэмээгээ өнөөдөр ч олж харахгүй яваа.
Эхлээд оффшорчин, олигархиудаас болж ялагдлаа гэсэн. Одоо болохоор Ардын намынхан буруутай гэцгээх болсон. Үнэндээ Ардчилсан нам үнэт зүйл, үзэл бодол, төлөвшил, хариуцлага байхгүй учраас өнөөдөр бүгд гудамжинд гарцгаасан шүү дээ.
2015 онд фракцын нам байхаа больж, бодлогын нам болохоо З.Энхболд зарласнаас хойш Ардчилсан нам нам байхаа болж, бүлэглэл төдий болсон байна.
Х.БАТТУЛГЫН НҮГЭЛ
Ардчилсан намыг нам биш бүлэглэл болгосон гол хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Төмөр замын царигаас болж Н.Алтанхуягийг заналтайгаар огцруулж, хэргийг нь шалгаж эхэлсэн Ч.Сайханбилэгийн Засгийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан гээд Ардчилсан намд хийсэн “нүгэл” их. Адаглаад л 2020 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан намын нэр дэвшигчдийг баривчлан шоронд хийсэн нь Ардын намд ашигтайгаар туссан билээ. Хавь ойрын хамаг хүмүүсээ бодлогоор нэр дэвшүүлж, санал хуваасан. Экс Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүйгээсээ болоод сонгуульд ялагдсан тухай АН-ын дарга асан С.Эрдэнэ тухайн үед мэдээлж байлаа.
Арван найман онд Ардын намтай үгсэн хуйвалдаж, Ардчилсан намын бүлгийг задалж, зөвлөл болгосон нь түүний үйлдсэн “нүгэл”-үүдийн нэг байв. Уг нь Ардчилсан намд Х.Баттулга өширхөх учиргүй, ардчиллын буянаар Яармаг бөхөөс Монголын тэрбумтан, Төрийн тэргүүн болж үзсэн хүн.
Гэвч Ардчилсан намыг хувийн “компани” болгохын тулд өнгөрсөн хугацаанд 13 мэхээ ашиглаж ирсэн Х.Баттулга өдгөө мэхт мэхэндээ гэгч болчхоод сууж буй.
АН-ЫН ЯЛГАРАЛ
Тамга ч үгүй, дарга ч үгүй болсон Ардчилсан нам аль хэдийнэ ороо, жороогоороо ялгарсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын, Н.Алтанхуягийн, С.Эрдэнийн гэх бүлэглэлүүдэд хуваагдсан мэт боловч дотроо хэдэн хэсэг болон “туурга” тусгаарласан нь хэнд ч харсан ойлгомжтой байгаа. Эв нэгдлийг хүсч буй цөөн хэдэн гишүүнийхээ үгийг тоож сонсож буй хүн Ардчилсан намын бүлэглэлүүдэд алга.
Тэгэхээр хагарсан шаазан шиг болчихсон Ардчилсан намыг нааж цавуудахаас илүү өнгө мөнгө, үнэт зүйлээрээ ялгараад явах нь ядаж Монголын ардчилалд нэмэртэй биз.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.