Афганистанаас ОХУ-д террористууд орж ирэхээс болгоомжилж байгаагаа Путин илэрхийлжээ
ДэлхийДүрвэгчийн дүрээр зүсээ хувилгасан террористууд Афганистанаас Орост нэвтрэх аюулаас болгоомжилж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Ням гарагт Нэгдсэн Орос намын гишүүдтэй уулзахдаа илэрхийлжээ.
Тэрбээр Афганистаны 9,000 хүртэл тооны дүрвэгчийг Казахстан, Тажикистан, Узбекистан зэрэг Төв Азийн улсуудад түр байрлуулах АНУ-ын засаг захиргааны төлөвлөгөөг энэ үеэр шүүмжилсэн байна.
“Манай улс эдгээр улсуудтай хил залгаа, иргэд нь визгүй зорчдог. Хэрвээ эдгээр орнуудаас дүрвэгчид ОХУ-ын нутагт орж ирвэл яах вэ? Тэдний дотор ямар хүмүүс байгааг бид яаж мэдэх вэ?” гэж Путин ярьсныг ТАСС агентлаг мэдээлжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Тэд дүрвэгчдийг манай хөрш орнуудад визгүй байрлуулж, харин өөрийн улс оронд визгүй хүлээж авахаас татгалзаж байгаа нь доромжилсон хэрэг” гэсэн байна.
Энэ сарын эхээр АНУ-ын засаг захиргаа Төв Азийн “стан” орнуудад Афганий дүрвэгчдийг түр байрлуулах талаар нууц яриа хэлэлцээ хийж буй тухай Ройтерс агентлаг анх мэдээлж байв.
Эдгээр орнуудад түр байрлуулах дүрвэгчдийн тоог 9,000-аар хязгаарлах тухай Блүүмбэрг бас мэдээлсэн юм.
Талибаны дэглэм тогтсоны дараа Афганистанаас ирж болзошгүй дүрвэгчдийн урсгалд дэлхийн зарим улс орнууд бэлдэж эхлээд байна. Тухайлбал Европын гол хаалга болдог Грек, Турк улсууд хилийн харуул хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авч эхэлжээ.
Эх сурвалж: Business Insider