Р.Эмүжин: Оюунхоролтойгоо онхолдох нь ээ, энэ залуу

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-24 16:08:33

Зарим юмыг би ерөөсөө ойлгохгүй, бүр ойлголтын дээд хэмжүүр шатчихаад, хиншүү хярвас үнэртээд байгаа. Хүн цөөдөө юү, үе дутаа юу, яахаараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн босголтын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр тэтгэвэртээ гарсан, тэвэр тэвэр идэш уушны асуудалтай хүн томилогдсоныг бүр огт ойлгоогүй. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал МАН-ын, тэр дундаа нийслэл дамнасан фракцынхны хэдэн жил ноолж, хэдэн аргаар тооцоо данс жирийлгэсэн төсөл гэлцдэг.

Анх энэ буудлыг Японоос 28.8 тэрбум иенийн зээл авч, 2008 онд эхлүүлж байв. Гэвч анхны энэхүү 247 сая ам.долларын хөрөнгө оруулалт хожим гурав дахин өссөн. 2011 онд 8.1 тэрбум, 2015 онд 36.8 тэрбум иенийн зээл нэмж, улмаар 650 сая ам.долларт хүрсэн байдаг. За ингээд баригдах зардал нь гурав дахин өсч, монголчууд 650 сая ам.долларыг 40 жилийн турш төлж барагдуулах болсон хэрэг. Тухайн үед Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төслийн хүрээнд худалдан авсан авто машинууд зах зээлийн бодит үнээс үндсэндээ тав дахин үнэтэй байгааг Үндэсний аудитын газар шалган тогтоож байв.

Нэг жишээ гэхэд 130 сая төгрөгийн үнэтэй Ланд 200 маркийн машиныг 723 сая төгрөгөөр худалдан авсан нь илчлэгдэж байлаа. Ямар сайндаа 2013 онд Монголд айлчилсан Шинзо Абэ уг буудлын ажлыг хараад оруулсан хөрөнгө, овор хэмжээ хоёрыг нь харьцуулсан үг хэлээд, хөмсөг атируулан буцсан түүхтэй. Үндсэндээ Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төсөл 2008 онд эхэлснээсээ хойш 13 жилийн турш МАН-ын хүнд гаруудыг зогсолтгүй тэжээсэн. Гэтэл одоо энэ намд хүн дутав уу, хөөрхий Оюун-Эрдэнэ М.Энхболдын фракцыг тулж түшдэг дээрээ тулав уу, АТГ-т шалгагдаж, шонхорын наймаачин гэх цол хэргэм авч амжсан Д.Оюунхоролыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилчихлоо.

Тэгэхдээ их аргатай. Эхлээд хэвлэл, сошиалаар Д.Оюунхорол бол туршлагатай улстөрч энэ тэр гэсэн эрээвэр хураавар магтаал баахан хөвөрч бантан зуурсан. Монголчууд Японоос авсан зээлээ 30 жилийн турш төлж байж буудлаа өөрийн болгох юм.

Хаширдаггүй япончууд тэр болтол 51 хувийг нь эзэмшсэн нэртэй үйлчилгээ, засвар, шинэчлэл гээд урсгал ажлуудтай нүүр тулсан. Уг нь энэ ажлыг улстөрч сэтэртэй уушны хүмүүс биш, хэлтэй боловсролтой, гадаад харилцаатай, орчин цагтай хөл нийлүүлж явдаг менежэр хүн хийх ёстой юм л даа. Залуу хүнгүй болоо юу, энэ нам. Заавал нам дагасан томилгоо хийх хэрэг ер нь юу байна? Засаг төлөөлсөн нэртэй заан, зараа хоёр тэжээгээд байх шаардлага ч ерөөс байхгүй.

Энэ мэтээр залуу Ерөнхий сайд зам дээр гараагүй байж их л занхайж байна, Оюунхоролтойгоо хамт онхолдох гээд байгаа юм байлгүй дээ. Уг нь Монголын залуус Оюун-Эрдэнээс залуу, эрч хүчтэй, хурдтай хандлага л хүлээгээд байгаа юм шүү дээ. Тэтгэврийнхэнтэйгээ тэврэлдээд ирэхээрээ хэцүүдэж байгаа юм даа. Өө тэгээд Оюунхорол гуайг монголчууд дөрвөн удаа буюу 16 жил УИХ-д суулгаж, хоёр удаа сайдаар томилон ажиллуулж байсан, тэгэхэд хийгээгүйгээ одоо Хөшигийн хөндийд хийх гэж байгаа юм байлгүй. Оюун-Эрдэнэ намаа, төртэй нь шинэчилнэ гэж баахан гүйсэн, жагссан, дээлтэйгээ ордонд жүжиглэсэн, эцэст нь шинэчилж байгаа нь энэ юм байгаа биз


Холбоотой мэдээ