Агаарын бохирдлын эсрэг Бээжингийн тэмцэл үр дүнд хүрлээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-25 20:10:37

Саяхныг болтол Бээжин дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тэргүүн эгнээнд бичигдэж байлаа. Тэндхийн оршин суугчид ч өтгөн утаа, хортой агаарт дасан зохицоо юу гэлтэй.

Харин одоо Бээжингийн тэнгэр голдуу хөх өнгөтэй үзэгдэх болсон нь Хятадын нийслэл агаарын бохирдлыг ялж, цэвэр агаарын шинэ эрин үед алхан орсны баталгаа хэмээн Хятадын экологи, байгаль орчны сайд Хуан Рунчю ярьжээ. Тэрбээр “Бээжингийн тэнгэрийг саарал биш хөх өнгөөр гэрэлтэх нь бидний шинэ дүр төрх” гэж тодорхойлсон байна.

Мөн Хятадын төрийн мэдээллийн "Глобал Таймс" агентлагийн мэдээлснээр сүүлийн үед Бээжингийн агаарын чанар 2013 онд бүртгэж эхэлснээс хойш хамгийн сайн түвшинд хүрч, тэр байдлаа хадгалах болжээ.

Хэдийгээр Хятадын том хотууд дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн ч чухамдаа олон жилийн турш бага багаар сайжирсаар байжээ. Хуаны хэлснээр өнгөрсөн жил л гэхэд Бээжинд ердөө 10 хоног л агаарын бохирдол хэвийнээс хэтэрсэн аж. Харьцуулж үзвэл, энэ бол 2015 оныхоос 80 хувь буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн сүүлийн үед Бээжинд дарсан гэрэл зургууд дээр ихэвчлэн цэлмэг тэнгэр, хурц нар харагдах болжээ. Угтаа бол өмнө нь 21 сая хүн амтай тус хотод тэнгэр цэлмэх бол ховор үзэгдэл байв.

Анх 2013 онд Бээжингийн агаар дахь РМ2.5 тоосонцор нэг м.кв-д 900 микрограм буюу ДЭМБ-ын зөвлөсөн аюултай хэмжээнээс даруй 90 дахин өндөр болж байв. Харин түүнээс хойш агаарын бохирдлыг бууруулах кампанит ажил амжилттай үргэлжилсээр өдгөө бодит амжилтад хүрсэн байна.



January 16, 2013 in Beijing, China.


Бээжингийн агаарын бохирдол дэндүү аюултай түвшинд хүрсэн нь дэлхийн хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг татаж, цэвэр агаартай болох хичээл зүтгэлийг улам өдөөж өгчээ. Тэр ч байтугай Хятадын нэгэн шар айраг үйлдвэрлэгч компани “Air-pocalypse” буюу агаарын сүйрэл хэмээх нэртэй шар айраг үйлдвэрлэж, утаа багатай өдрүүдэд урамшуулал зарлаж байв.

Тэр цагаас хойш олон жилийн турш Бээжингийн агаар дахь утаа яг манан мэт үзэгдэх орчинг хүртэл хязгаарласаар байсан бол өдгөө энэ бүхэн ард хоцорч, арт иргэд цээж дүүрэн амьсгалдаг болжээ.

Смит коллежийн профессор Даньел Гарднер энэ талаар “Бээжингийн утаанд хүмүүс өдөржингөө л ханиалгаж амьдардаг байлаа. Харин одоо бол бид ханиалгахаараа ямар нэг өвчин туссанаа мэддэг болов. Тиймээс 2013 оноос хойш агаарын чанар үнэхээр сайжирсан гэдэг нь харагдаж байна” хэмээн ярьжээ.

Тийнхүү 2013 оноос хойш РМ2.5 гэх мэт нэрүүд хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг үгсийн жагсаалтад нэмэгджээ. Улмаар агаарын бохирдлын хор уршгийн талаар хүмүүс улам ихийг мэддэг болж, Куньмин, Шенжен зэрэг хотуудад иргэд нүүрс түлдэг үйлдвэрүүдийг эсэргүүцэн жагсаж байсан гэдэг.

Тухайн үед Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд ард түмний эсэргүүцэл улс орны эдийн засгийн уналтыг дагуулж байна хэмээж байсан ч удалгүй өөрөөр сэтгэж эхэлсэн гэнэ.

Учир нь агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, дэлхийн анхаарлыг татсанаас хоёр сарын дараа буюу 2013 оны гуравдугаар сард төрийн жолоо атгасан Ши Жиньпин үүнийг боломж болгон харсан байна. Тэрбээр агаарын бохидлыг бууруулахыг амлавал олон хүний дэмжлэгийг хүртэж, олон улсад Хятадын нэр хүндийг өсгөж, гадаадаас жуулчин, ажилчин төвөггүй авч, давхар өөрийн улс төрийн замналыг засах боломжтой гэдгийг сайн мэдэж байлаа.

Тиймдээ ч Ши Жиньпиний хамгийн түрүүнд анхаарал хандуулсан асуудал бол агаарын бохирдол юм. Тэрбээр зөвхөн Бээжин төдийгүй умард Хятадын бүх хотын агаарыг цэвэрлэхийг зорьж байв. Тиймээс Ши Жиньпин Хятадын баримталж байсан ямар ч үнээр хамаагүй эдийн засгаа өсгөх бодлогыг орхиж, эдийн засаг өсгөхийн сацуу байгаль орчиндоо анхаарах бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм.

Түүнээс хойш Хятадын засгийн газар агаарын бохирдлын эсрэг үндэсний төлөвлөгөө боловсруулж, түүндээ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, шинэ бодлогоо ягштал баримталж эхэлжээ. Улмаар 2014 оноос эхлэн Хятад улс агаарын бохирдолтой “дайн зарлаж”, орон даяар агаар хянах станцууд байгуулж, нүүрсний уурхай, нүүрс ашигладаг үйлдвэрүүдийг хааж эхэлсэн байна.

Тэгэхдээ засгийн газар аль үйлдвэрийг хамгийн түрүүнд хаах ёстойгоо олох гэж огт зовсонгүй. Тэд иргэдийн хамгийн их эсэргүүцэж байгаа үйлдвэрүүдийг хааж, ойролцоо нь агаарын чанар хянах станц байгуулдаг ажилтай болжээ. Гэвч удалгүй Хятадын засгийн газар жагсагчдаас нүүр буруулжээ.

Учир нь жагсагч нарын зорилго, хөдөлгөөн зөвхөн агаарын бохирдлын эсрэг байхаа больж, үндэсний чанартай болж эхэлсэн байна. Тэд 2015 онд төрийн өмчит компаниуд, авлигачид, яамдыг шүүмжилсэн баримтат кино бүтээж, тэр нь албан ёсоор бүрэн хоригдохоосоо өмнө 200 сая хүний хүртээл болж байв. Тиймээс Ши Жиньпин болон түүний Коммунист нам иргэдэд тавих хяналтаа чангатгаж, нийгмийн идэвхтнүүдийг дарангуйлж, хавчиж эхэлсэн юм. Улмаар цагдаа нар 2016 онд Ченду, 2019 онд Ухань хотод болсон байгаль орчны төлөөх жагсаалыг даруй нам дарсан аж. Түүгээр зогсохгүй тэд хуванцар хог хаягдлын эсрэг гэх мэт хэд хэдэн баримтат киног хориглож, устгасан байна.

Тэр хооронд Ши Жиньпин агаарын бохирдлыг бодитоор бууруулж буй кампанит ажлаараа бардамнаж, 2014 онд Ази Номхон далайн орнуудын дээд хэмжээний уллзалт болохоос өмнө Бээжингийн тэнгэрийг цэлмүүлэхийн төлөө машины тоог хязгаарлаж, улам олон үйлдвэрийг хааж байлаа.

Гэхдээ Ши Жиньпиний компанит ажил үр дүнгээ харуулж байсан ч хийх зүйл их л байв. Цөөн хэдэн өдөр тэнгэр цэлмэвч буцаад л утаа бүрхэж авна. Түүнчлэн агаарын чанар зөвхөн Бээжинд сайжирч байна уу. Эсвэл орон даяар уу. Чухам хэчнээн зуух нүүрс түлж байна гэдгийг хянахад бэрх байсан гэнэ.

Тэгтэл одоо харахад агаарын бохирдлын эсрэг “дайн” ялалт байгуулж эхэлсэн нь харагдаж байна. Ажиглагчдын дүгнэж байгаагаар ард түмний уур бухимдал засгийн газрыг зөв зүйлд чиглүүлж, зарим талаар өөрсдөө боогдсон ч зорилгоо биелүүлж чадсан байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ