БОАЖЯ: "Хос санаа" компани 1.9 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлсэн

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-26 07:57:15

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Андлалын өргөөг нураах болсон талаар өнөөдөр /2021.08.26/ мэдээлэл хийлээ.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН:

-Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил дөрвөн суманд 2018 оноос хойш хийж байгаа. Үүний нэг нь Батноров суманд барьж байсан Андлалын өргөөтэй холбоотой албан ёсны тайлбарыг өгье. Энэ цогцолборын зураг төслийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргасан. Салбар яам, орон нутгийн Засаг даргын тамгын газар, "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн. Харамсалтай нь зураг төслийг зохион бүтээсэн зохиогч маань барилга угсралтын ажил ид өрнөж байхад хүнд өвчний улмаас нас барсан. Салбар яамнаас энэ төслийг үргэлжлүүлэхээр судалгаа хийж, зохиогчийн шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх боломжтой эсэхийг судалсан. Гэвч зохиогч өөрөө барилгын явцад хяналт тавих нь хязгаарлагдмал учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсч эхэлсэн. Тийм учраас оюуны өмчийг цуцлах санал гарч эхэлсэн. Нөгөө талаас барилгын ажил бүрэн дуусаагүй байхад олон нийтийн сүлжээгээр сөрөг мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Тиймээс Д.Эрдэмбилэг агсны гэргий, үр хүүхдүүдээс "Хос санаа" болон "Классик хаус" компанид оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлтийг тавьсан.

Мөн салбар яаманд хүсэлт гаргахдаа "Андлалын өргөө" бүтээн байгуулалтын барилгын ажлыг зогсоож, холбогдох арга хэмжээг авч, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн. Эдгээрийг судалж, гурван талт гэрээний дагуу уулзсан. Салбар яамнаас 1.9 тэрбум төгрөгийг гэрээний дагуу гарсан төсвийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг "Хос санаа" компанид хүргүүлэхэд улсыг хохиролгүй болгоно гэсэн албан бичиг ирсэн юм. Сангийн яамнаас өнөөдөр чиглэл ирүүлэхэд гүйцэтгэлээр олгосон 1.9 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлэх чиглэлийг ирүүлж, нэхэмжлэх явуулсан. Сая 30 минутын өмнө дөрвөн удаагийн гүйцэтгэлээр олгосон төсвийн мөнгийг "Хос санаа" компани буцаан төвлөрүүллээ. Цогцолбор нураах зардлыг улсын төсвөөс гаргаагүй. Орон нутаг нураасан хог хаягдлыг хариуцаж, зайлуулна. Андлалын өргөөний гаднах тохижилтод хоёр тэрбум төгрөг төсөвлөснөөс 1.9 тэрбумыг олгоод байсан . "Хос санаа" компанийг Төрийн захиргаа удирдлагын газраас шалгаруулж, гурван талт гэрээ байгуулсан.

"УРАН БҮТЭЭЛЧИД "АНДЛАЛЫН ӨРГӨӨ"-Н СУУРИНД ӨӨР БҮТЭЭЛ БАРИНА"

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө" цогцолбор барьсан. Гэвч энэ бүтээн байгуулалтыг оюуны өмчийн маргаанаас болж цаашид ашиглах боломжгүй хэмээн өчигдрөөс /2021.08.25/ нурааж эхэлжээ.

Энэ өргөөнд монгол эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйл хийхээр төлөвлөөд байсан юм. Бүтээн байгуулалтыг барьсан "Хос санаа" компани нь улсыг хохиролгүй болгож,  төсвийн хоёр тэрбум төгрөгийг төлөхөөр болсон гэдгийг орон нутгийн удирдлага мэдээллээ.

Энэ талаар Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Д. Жамбаагаас тодруулахад "Андлалын өргөөг өчигдрөөс буулгаж эхэлсэн. Уг бүтээн байгуулалтыг оюуны өмчийн маргаанаас болж цаашид ашиглах боломжгүй болсон учраас нурааж байна. Цогцолборын загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргасан байдаг. Түүний шавь нар хамтарч, суурин дээр нь аялал жуулчлалын чиглэлээр уран бүтээл хийх юм шиг байна лээ. Бүтээн байгуулалтыг барьсан "Хос санаа" компани улсыг хохиролгүй болгож, төсвийн мөнгийг төлж байгаа юм билээ. Одоо нураах ажлыг тус компанийн зүгээс хариуцан хийж байгаа" гэв.

Цогцолборыг байгуулахаар таван тэрбум төгрөг төсөвлөсний хоёр тэрбумыг нь улсын төсвөөс, үлдсэн мөнгийг нь хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлсэн гэх мэдээлэл бий. Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Тайванжаргал "Андлалын өргөө"-г хоёр тэрбум төгрөгөөр барьсан. Энэ жил цахилгаан, дэд бүтцийг шийдэхэд улсын төсвөөс 600 сая төгрөг төсөвлөсөн" талаар хэлж байв.

Түүх дурсгалтай уялдуулан Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн байхдаа энэ цогцолборыг байгуулах санаачлага гаргасан билээ.

Холбоотой мэдээ