Трюдо ирэх сонгуульд хүчээ сорьж байна
Улс ТөрКанадын ерөнхий сайд Жастин Трюдо ирэх есдүгээр сарын 20-нд ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа энэ сарын дундуур мэдэгдэж байв. Ингэснээр Трюдогийн удирддаг эрх баригч Либерал нам хугацаанаасаа хоёр жилийн өмнө буюу 2021 онд багтаж буухаар болсон билээ. Учир нь Трюдо Нийтийн танхимд хангалттай суудал байхгүй байгаа нь хууль тогтоомжийг батлахад саад учруулж байна гэж үзсэн юм.
Ийнхүү дахин сонгуульд хүчээ сорьж байгаа тэрбээр эргэн сонгогдсон тохиолдолд гадаад иргэдийн байшин худалдаж авах эрхийг хоёр жилийн хугацаанд хязгаарлана гэж Мягмар гаригт мэдэгдлээ. “Covid-19” цар тахлын улмаас тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөнөөр иргэддээ орон сууц худалдан авах боломжийг онцлох нь удахгүй болох сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болжээ.
Канадын Үл хөдлөх хөрөнгийн ассоциациас мэдээлснээр орон сууцны үнэ энэ оны гуравдугаар сард дээд цэгтээ хүрч, дунджаар 568 мянган ам.долларт хүрсэн нь өнгөрсөн мөн үеийнхээс 31.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин орон сууцны үнэ долдугаар сар гэхэд харьцангуй буурч 525 мянган ам.доллар болсон нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 22 хувиар өндөр үзүүлэлт ажээ.
Онтарио мужийн Хамилтон хотод болсон кампанит ажлынхаа үеэр Трюдо "Канад иргэдийн амьдрах ёстой орон сууцыг гадаад иргэд эзэмших ёсгүй" гэж мэдэгдсэн талаар “Bloomberg” мэдээлжээ. Канадад гадаадын иргэд сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө ихээр худалдаж авах болсон юм. Тухайлбал, 2015 онд “Financial Post” сэтгүүлд мэдээлснээр Ванкувер хот дахь орон сууцны борлуулалтын 30 гаруй хувийг, Торонто хотод 14 хувийг хятадууд эзэлж байжээ.
Холбооны засгийн газар гадаад иргэд орон сууц худалдан авах байдлыг хязгаарлахын тулд ирэх оны нэгдүгээр сараас сул болон ашиглагдаж буй гадаадын оршин суугчдын эзэмшлийн байшинд нэг хувийн татвар оногдуулах аж. Мөн сөрөг хүчин болох Шинэ Ардчилсан нам байшин худалдан авагч гадаадын иргэдэд 20 хувийн татвар ногдуулах амлалтыг өгсөн бол Либерал намынхан үүнтэй ижил санал гаргасан талаар “Vancouver Sun” мэдээлжээ.
Эх сурвалж: Insider