Вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг өргөтгөв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-26 14:24:42

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилтай танилцав.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын ажилтай эхлээд танилцсан юм. Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм. 

Энэхүү өргөтгөл нийт 1 686 ам дөрвөлжин метр талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ.


Бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй,  эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй байдлын хамгийн орчин үеийн дэвшилтэт системээр бүрэн тоноглосон тус барилгын зураг төслийг Татах Хүч болон Өрнөл Проект ХХК хамтран боловсруулж, барилга угсралтын ажлыг Монкон Констракшн ХХК гүйцэтгэсэн байна. Түүнчлэн вакцин хадгалах тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Сетунари ХХК тус тус гүйцэтгэж, НҮБ-ын Хүүхдийн Сан төслийг ерөнхийд нь удирджээ.


Шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар КОВИД-19-ийн болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болох юм.


НҮБ-ын Хүүхдийн Сан нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр засгийн газарт өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй байгууллага бөгөөд өмнө ашиглаж байсан вакцины агуулахыг 2008 онд мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байжээ.


Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах шинэ дэвшилтэт технологиудыг суурилуулсан байна.


Холбоотой мэдээ