Кабулын нисэх буудалд халдлага гарч, АНУ-ын 13 цэрэг амь үрэгджээ
ДэлхийАфганистаны нийслэл Кабул хотын Хамид Карзай олон улсын нисэх онгоцны буудалд пүрэв гаригт амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 60 гаруй иргэн амь үрэгдсэн харамсалтай явдал боллоо.
Эх сурвалжуудын мэдээлснээр Кабулын нисэх буудлын ойролцоо хоёр удаа дэлбэрэлт болсон аж.
Харин Пентагоны мэдээлснээр уг халдлагын улмаас АНУ-ын 13 цэргийн алба хаагч амь үрэгдсэн байна. Энэ нь Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний хувьд сүүлийн 18 сарын хугацаанд анх удаа цохилтод өртөж, гарз хохирол амссан тохиолдол болсон юм.
Исламын улс “ISIS-K” террорист бүлэглэл уг халдлагыг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд амиа золиослогчид АНУ-ын цэргийн хүч болон тэдний орчуулагчдыг онилсон гэж мэдэгджээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден пүрэв гаригт Пентагонд “ISIS-K” террорист бүлэглэлд хариу цохилт өгөх тушаал өгсөн. Тэрээр “Халдлага үйлдсэн этгээдүүдийг бид зүгээр орхихгүй. АНУ-д хор хөнөөл учруулахыг хүссэн хэн бүхнийг бид шанг нь хүртээх болно” гэж мэдэгдсэн юм.
Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки уг халдлагаас үл хамааран Жой Байдены Засаг захиргаа наймдугаар сарын 31 гэхэд АНУ-ын цэргийн хүчийг Афганистанаас бүрэн татаж дуусгах шийдвэрээсээ ухрахгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters, CNN