Өмнөд Солонгос улс өнөөдөр Афганистанаас 391 дүрвэгч хүлээж авна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-27 21:57:35

Афганистанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд нь ажиллаж байсан 391 хүнийг Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр хүлээж авахаар болжээ.

Талибанчууд АНУ болон тэдний холбоотнуудын талд ажиллаж байсан афганчуудаас өш хонзон авч магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс ийм арга хэмжээ авч байгаагаа тус улсын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлсэн байна.

Дүрвэгчдийг Умард Чунчон мужийн Жинчон хот дахь засгийн газрын сургалтын төвд байрлуулах гэнэ. Энэ төвд цар тахлын эхэн үед Хятадын Ухань хотоос тусгай үүргийн нислэгээр татаж авсан Өмнөд Солонгосын иргэдийг түр байрлуулж байжээ.

“Пүрэв гарагт цэргийн нисэх онгоцоор Инчонд буух дүрвэгчид Афганистан дахь манай элчин сайдын яам, Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагийн (KOIKA) хөтөлбөрүүд, Өмнөд Солонгосын засгийн газрын байгуулсан эмнэлэг, сургалтын төвүүдэд олон жил ажилласан хүмүүс юм” гэж гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн мэдэгдсэн байна.

Солонгосын талд ажиллаж байсан хүмүүсийн гэр бүлийн гишүүд, тэдний дотор 100 хүүхэд ирж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин энэхүү арга хэмжээг хүмүүнлэг ёсны үүднээс гаргасан шийдвэр гэж тайлбарлаад дүрвэгчдийг найрсаг хүлээж авахыг иргэддээ уриалсан байна.

Сөүлийн эрх баригчид эхлээд 420 афган хүнийг татаж авах шийдвэр гаргасан ч зарим нь нутагтаа үлдэхээр шийдэж, зарим нь өөр улс руу дүрвэсэн гэнэ.

Эхлээд иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг Кабул руу илгээхээр төлөвлөж байсан ч Афганистаны нийслэлд нөхцөл байдал хурдтай муудаж байгаагаас цэргийн гурван нисэх онгоцыг илгээжээ. Онгоцнууд Даваа гарагт Кабулаас Пакистаны Исламабад хотод ирсэн гэнэ.

Афганий дүрвэгчдийг цаашид Өмнөд Солонгост суурьшуулах, эсвэл гурав дахь орон руу цагаачлуулах талаар ямар нэг төлөвлөгөөг зарлаагүй байна.

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ