ОХУ Спутник хот байгуулж буйгаа зарлалаа
ДэлхийОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамнаас Орост шинэ хот байгуулж буй тухай зарласан талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Приморийн хязгаар, Владивосток хотоос 30 километрын зайд, 2.8 сая метр квадрат талбай бүхий орон сууцтай суурин байгуулна” гэж мэдэгдэв. Тус яамнаас Спутник хотод 300 мянган хүн амьдарна гэж тооцоолжээ. Владивосток, Артем хотынхон нэмэгдсэнээр нийт хүн амын тоо нь нэг сая давах бололтой.
Мега тохиргоо
ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны тэргүүн Алексей Чекунков өмнө нь "Спутник хотыг арван жилийн дотор барьж байгуулна. Хотын захиргаа нь нисэх онгоцны буудал, Владивосток болон тойрог замтай ойр байрлана” гэж мэдэгдэж байв. Түүний хэлснээр, энэ хотыг анх 50 мянган хүнд зориулан барьж байгуулахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев “Алс Дорнодод шинэ хот байгуулах нь зүйтэй. Эдийн засгийн шинэ хөшүүрэг бий болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Албаны хүн “Эрх баригчид хүн амыг зөвхөн орон сууцаар хангах төдийгүй ажилтай болгох шаардлагатай” гэж онцолсон байна
Эх сурвалж:
RIA NOVISTI, RBC, MK, VL