Афганистаны Панжширийн хөндийд ширүүн тулаан өрнөж байна
ДэлхийТалибан хөдөлгөөний захиргаанд ороогүй үлдсэн Афганистаны сүүлчийн бүс нутаг болох Панжширийн хөндийд ширүүн тулаан болж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Талибаны тал энэхүү газар нутгийг эзэлснээ зарласан бол тэдний дэглэмийг эсэргүүцэгчид уг мэдээллийг нь няцаажээ.
Дайтагч талуудын аль алинаас нь олон зуун хүн алагдсан тухай мэдээ ирж байна. Панжширийн босогчдын лидерүүдийн нэг, Афганистаны дэд ерөнхийлөгч асан Амруллах Салех хэвлэлд өгсөн видео мэдэгдэлдээ “Нөхцөл байдал маш хүнд байгаа. Бид Талибанчуудтай ширүүн тулаан хийж байна. Гэхдээ бид бууж өгөхгүй, бид Афганистаны төлөө байлдана” гэжээ.
Тэрбээр өөрийгөө Афганистанаас дүрвэсэн гэх мэдээллийг энэ үеэр няцаасан байна.
Нийслэл Кабулаас умар зүгт оршдог Панжшир нь Афганистаны хамгийн жижиг мужуудын нэг юм. Хиндүкүш уулсын өндөрлөг бүсэд оршдог энэ нутагт 300,000 орчим тажик голдуу үндэсний цөөнхийн төлөөлөл амьдардаг.
Панжшир нь Талибаны дэглэмийг эсэргүүцэгчдийн гол түшиц газар байсаар ирсэн түүхтэй. Паншжирийн одоогийн удирдагч Ахмад Массудын эцэг 1980-аад оны үед Зөвлөлтийн цэргийн эсрэг, 1990-ээд оны үед Талибанчуудын эсрэг дайтаж явсан хүн юм. Тэрбээр 2001 онд Талибаны зүсээ хувилгасан алуурчны гарт амь үрэгдэж байв.
Одоо Панжширт нутгийн босогчидтой хамт Афганистаны өмнөх засгийн газрын цэргүүд дайтаж байна.
Өмнөх засгийн газрын дэд ерөнхийлөгч, батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаалтнууд бас Паншжирт орогнож байгаа юм.
Афганистаны ихэнх газар нутгийг хяналтдаа оруулаад байгаа Исламын радикал үзэлт Талибан хөдөлгөөн удахгүй өөрийн засгийн газрыг зарлахаар бэлдэж байгаа.
АНУ, Их Британи, Европын Холбоо тус байгууллагатай яриа хэлэлцээ хийхэд бэлэн боловч засгийн газрыг нь шууд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байна.
Эх сурвалж: BBC