Цагаан суваргын ордыг төрд авна гэсний 3 жилийн ой удахгүй болно

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-09-05 02:29:08

Өдгөөгөөс 3 жилийн тэртээ буюу 2018 онд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар хоорондоо маргалдсан байдаг. 

Үүнийг танд эргэн хүргэж байна.

Н.Номтойбаяр:

“Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас, ер нь бусанд банк ч бай зээл авах нь байдаг л бизнесийн зарчим.

Гэхдээ энэ асуудал юугаараа онцлог вэ гэхээр 2018 оны төсөв батлагдсаны дараахан танай Засгийн газрын хэд хэдэн сайд нар зохион байгуулалттайгаар олуулаа зээл авсан асуудал байхгүй юу.

Энийг ялгаж салгамаар байна. 

Зарим гишүүд маань зүгээр л зээл шдээ гээд байна. 

Энэ бол зохион байгуулалттай албан тушаалаа хэтрүүлэн авсан асуудал. Олуулаа шүү. 

Та Ерөнхий сайд болохдоо энэ чуулганы индэр дээр нэг зүйлийг хэлж байсан. Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж. 

Би танаас хууль биелүүлэхийг л шаардаад байгаа юм. 

Юу гэж хариулахаас нь та хэр шударга хүн бэ гэдгийг би дүгнэлт хийх гээд байна.


Дээрээс нь үүнтэй холбоотой нэг зааг байгаад байна. 

Жижиг албан тушаалтан буюу ЖДҮ-тэй холбоотой зарим нөхдүүд. Би том гэж байгаа юм. Сайд нарыг. Бүгдээрээ адилхан хуулийн дагуу шалгагдаж байгаа. Жишээ нь дэд сайд байсан Лхамжав, агентлагийн дарга байсан Ням-Осор, хэрэг эрхлэхийн дэд дарга байсан Бат-Эрдэнэ. Мөн л адилхан шалгагдаж байгаа юм билээ.


Нэр бүхий сайд нар адилхан шалгагдаж байгаа. Гэтэл энд кноп дарахгүй Лхамжав, Бат-Эрдэнэ, Ням-Осор мэтийн нөхдүүдэд хариуцлага буюу ёс зүйн хариуцлага тооцож болоод байдаг, хууль бол эцэслэн шийдвэрлэгдэж тогтоогдоогүй байгаа ч авсан нь бол тодорхой болчихоод байгаа юм, өөрсдөө ч ингэж хэлээд байна. Их хурлын гишүүд Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаад байна л даа. Ганцхан Батзоригийг. Хоёрдахь асуудал юу вэ гэхээр 30 гэр бүл гэж яг хэн юм бэ?

Одоо би нэрийг нь сонсмоор байна. Компанитай нь нэртэй нь. Би үүнд хамрагддаг уу? Хамрагддаг бол яагаад? Ямар шалгуураар би 30 гэр бүлийн нэг болчихов? Юу юм? Нэрсийг нь би сонсмоор байна” гэсэн юм.


Харин үүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулав. ” Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Үүнийг хариулчихая. Яривал би цааш нь зөндөө юм ярьж болно бас. Гэхдээ та бол мөн шүү. Тэрийг ард түмнээс асуу. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшдэг юм байна лээ шд. Монголын бүх баялагийг. Цагаан суваргыг авсан. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч хөрөнгө биш ээ.

Энэ бол Монголын ард түмний өмч хөрөнгө. Тиймээс би Цагаан суваргыг буцааж авах асуудлыг тавина гэдгээ хэлчихэе. УИХ ахиад хэлэлцэнэ биз. Ард түмэн харж байна биз. Надаас юу хүсээд байгаа юм би үүнд чинь хариулчихая. Хууль бус гэж ойлгож байгаа. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Гэтэл Монголын ард түмний хувьд нэг ч лицензгүй хүн бараг 3 сая байж магадгүй.

Түүгээрээ та бол буруутай гэж би ойлгож байгаа. Цэцийн дүгнэлтийг би сайн мэдэхгүй. Цэцийн дээр бас ард түмэн байдаг юм шүү. Төрийн эрх ард түмний гарт байдаг юм. Ард түмэн шийднэ биз. Миний хэлээд байгаа зүйл зөв үү буруу юу гэж. Тэгэхээр миний хэлээд байгаа 30 гэр бүлийн нэг бол нөхөр Номтойбаяр та өөрөө мөн. Цаашдаа тэгж байнга бодож яваарай.


Тэр авсан Цагаан суваргын одоо буцаагаад ард түмэнд нь өгчих. Чи үнэхээр эх орондоо хайртай юм бол буцаагаад өгчих за юу? Үнэхээр хууль дүрэм хэрэгжүүлье гэж бодож байгаа юм бол. Тэрийгээ ард түмэндээ өгчих. Улсын үйлдвэрийн газар байгуулчихая. Монголын ард түмэн бүгдээрээ энийг эзэмшиг. Чамаас айх хүн гэж байхгүй. Танай гэр бүл дээр байгаа 36 лицензийг буцааж өгөөрэй.


Та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа юм. Та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа учраас надад хүндрэл бэрхшээл учирч байгаа. Цаашдаа энэ Хүрэлсүх гэдэг хүн ерөнхий сайдыг хийгээд, намын дарга хийгээд явбал бид нарын эрх ашгийг хөндөж энэ бий болсон пирамид нурах юм гэдгээс айж байгаа.

Тиймээс та нарын амь чинь тэмцээд гүйж байгаа байхгүй юу. Би үүнийг ард түмэнд зориулж хэлж байгаа юм шүү. Ерөнхий сайдыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурсан 27 хүн дотор Монголын өмч хөрөнгийг хулгайлж авсан, хууль бусаар баяжсан нөхдүүд зогсож байгаа шүү. Зургийг нь сайн хараарай гэж хэлж байгаа юм. Танай МАК компани чинь хандив өргөсөн юм байна лээ.


Хандив өргөсөн юм байна лээ. Би тэрийг чинь сайхан баримтаар нь хэлж өгнө. Тэр бол та нарын асуудал. Хулгай хийсэн хөрөнгөөрөө өргөсөн юм уу, татвараасаа төлсөн мөнгөөрөө өргөсөн юм уу би тэрийг мэдэхгүй. Ямар ч байсан өргөсөн юм байна лээ.” гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр 2021 он гэхээр Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг ярьж эхэлсэнээс хойш 3 жил болох гэж байна. Өнөөдөр энэ асуудлаар нэг ч бичиг, хуулийн төсөл яригдаагүй билээ.


Холбоотой мэдээ