Италийн буйд тосгонд очиж амьдарвал сарын 800-1000 еврогийн урамшуулалтай

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-07 07:03:19

Орон нутгаас Улаанбаатарыг зорьсон “их нүүдэл”-ийг төрийн бодлогоор зохицуулан, бууруулж, олон арван сумдаа хүнтэй үлдээх шаардлагатай байгаа талаар олон жил ярьж байгаа.

Тэгвэл ийм асуудал зөвхөн Монголд биш өндөр хөгжилтэй Европын орнууд, мөн хойд хөрш, эрх чөлөөний бэлэг тэмдэг АНУ-д хүртэл тулгараад удаж буй.

Италийн өмнөд хэсэгт орших Калабриа мужийн захиргаанаас шилжин ирж суурьшсан иргэнд нийтдээ 700 мянган еврогийн урамшууллыг цувуулан олгоход бэлэн байгаагаа зарлалаа. Эндэхийн хамгийн шигүү суурьшсан тосгонд л гэхэд хүн амын тоо 5000 хүрэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргажээ. Калабриа мужийн алсхан орших есөн тосгонд суурьшихаар ирсэн иргэнд эхний ээлжинд шууд 28 мянган еврогийн урамшуулал олгоно.

Энд өндөр уулс оргил ихтэй тул аялал жуулчлалд нэн тохиромжтойд тооцогддог. Санта Северина, Альбидона, Бова гээд тосгонууд байгалийн үзэмж гайхалтай сайхан. Айета тосгон л гэхэд Сэргэн мандлын үеийн орднуудтай, далайн эрэг дээр оршдог.

Альбидона тосгон алдартай Поллино цэцэрлэгт хүрээлэнтэй, уулын дугуйгаар зугаацахад яг тохирсон нутаг. Оливийн тос, эртний цайзаараа алдартай Каккари тосгон ч гэсэн ирж суурьшаарай гэж урьж байгаа юм. Санта Северина тосгон бол жүржийн эх нутаг гэж хэлж болно. Ингэж л тэд хүмүүсийг урин дуудаж байна.

Калабриагийн захиргааны ажилтан Жанлука Галло CNN-д ярилцлага өгөхдөө “Ирж суурьшсан иргэнд сар бүр 800-1000 евро урамшуулал болгож өгнө. 2-3 жилийн турш энэ мөнгийг тасралтгүй олгох болно” гэж мэдэгджээ.

 Мөн шинээр ирсэн иргэдэд бизнесээ босгоход мөнгөн тусламж ч үзүүлэх юм байна. Жишээлбэл, зочид буудал, ресторан нээж жуулчдыг татах ажил эхлүүлбэл багагүй хэмжээний мөнгөн туслалцааг цааргалалгүй үзүүлэх ажээ.

Гэхдээ мэдээж, шилжин ирэгсдэд тавих шаардлага гэж бий. Италид оршин суух зөвшөөрөлтэй, 40-өөс доош насны хүн байх ёстой гэсэн шаардлага тавьж буй юм байна. Ямар мэргэжилтэй байх нь чухал биш итали бүсгүй юмуу эрэгтэйтэй суусан гадаадын иргэн байсан ч хамаагүй. Хүсэлт гаргаснаас хойш 90 хоногийн дотор буюу харьцангуй богино хугацаанд хариуг дуулгана.

Италиас гадна Европын бусад улс орнууд ч иймэрхүү аргаар буйд нутгаа хүн амаар сэлбэж байна. Испанийн хэд хэдэн тосгон мөн хоосрох шинж рүүгээ оржээ. Понга хэмээх баруун хойд зүгт орших жижигхэн тосгонд оршин суувал 3000 евро сар бүр олгохоор зарлаад зогсохгүй хүүхэд бүрийн мөн хэмжээний тэтгэмж олгох юм байна. Энд тавигдах шаардлага бол Испанийн иргэн юмуу Испанид оршин суух зөвшөөрөлтэй байх ёстой ажээ.

Хорватын Леград хот цагтаа хүн хөлхсөн газар байлаа. Харин одоо олон байшин хоосорч, иргэд их хотыг зорьжээ. Тиймээс тэрхүү хоосорсон байшинг “амьдруулж” амьдрахын тулд заавал Хорватын иргэн байх албагүй, гадаадын иргэн ч байж болно гэсэн журам гаргажээ. Хоосорсон байшинг бараг үнэгүй шахам авч болохын зэрэгцээ засварт нь зориулж орон нутгийн захиргаа 3979 ам.доллар олгох юм байна. Энд шилжин суурьшигчид 40-өөс доош насны, санхүүгийн хувьд тогтвортой байх ёстойгоос гадна Леградад дор хаяж 15 жил амьдарна гэсэн баталгаа өгөх ёстой ажээ.


Швейцарийн Альбинен хэмээх тосгонд одоо ердөө 250 хүн аж төрдөг аж. Энд очиж амьдрахын тулд Швейцарийн иргэн юмуу тус улсад оршин суух зөвшөөрөлтэй, мөн 45-аас доош насных байх ёстой.

Хоосорсон бүс нутаг, тосгоноо дүүргэх гэсэндээ ч биш мөн ирээдүйтэй, амжилттай мэргэжилтнүүдийг татахын тулд зарим улс мөн урамшуулал амладаг. Тэдний тод жишээ нь Израиль улс юм. Энд 2018 оноос эхлэн Innovation Visa гэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдагсад Израильд 24 сар амьдрах эрх авах бөгөөд улсаас 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. Хэрвээ эхлүүлсэн ажил нь амжилттай байвал оршин суух эрхийг таван жил хүртэл сунгаж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх боломжтой.

АНУ-д ч гэсэн иймэрхүү урамшуулал олгодог хөтөлбөрүүд бий. Аляскт очиж ажиллаж амьдрагсдад сарын 1600 ам.долларын тэтгэмж олгодог. Энд тавигдах гол шаардлага нь ял эдэлж байгаагүй, хэрэг төвөгт орооцолдоогүй байх ёстой. Гэлээ ч АНУ-ын эрс тэс уур амьсгалгүй бусад нутагт амьдрахад үүнээс ч ахиу мөнгө олох боломж байгаа учир хүмүүс Аляскийг зорих нь цөөн. Аляскийг сайхан байгаль, цэвэр агаартай гэж хичнээн сурталчилсан ч дугаарлалт үүсэхгүй, харин тасалдаад удаж байгаа юм байна.

Манай хойд хөршид ч ийм нөхцөл байдал бий. Алс Дорнод руу хүний хөл хөдөлгөөнийг нэмэхийг сүүлийн хэдэн жилийн турш хичээж байгаа. Тэнд шилжин суурьшсан иргэнд нэг удаа 225 мянган рублийн тэтгэлэг олгоно гэсэн захирамж ч гарсан. Гэлээ ч 2016 оноос хойш тийш чиглэгсдийн тоо 90 мянгыг дөнгөж давж байгаа гэнэ. Мөн 225 мянган рублийн урамшуулал амлаж буй Архангельск, Тамбов, Ульяновск, Калуж мужууд ч байна. Тэнд шилжин суурьшсан иргэнд зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй ажлын байраар хангана гэж амласан. Энэ бүс нутгуудад багш, эмч, барилгачин, уурхайчин, инженерүүд илт дутагдаж, үгүйлэгдэж буй ажээ.

Владимир Путин хэдэн хоногийн өмнө  Алс Дорнод руу чиглэх цуваа санасанд хүрэхгүй байгаа тухай “Их ажил хийх нь хийжээ. Гэхдээ чамлалттай байна” гэж хэлсэн байна лээ.

Холбоотой мэдээ