Хятад юуны учир баячуудтайгаа “дайтах” болов?
ДэлхийОлон улсын хориг арга хэмжээ гэдэг дарамт шахалтын “танил хэрэгсэл” болжээ. АНУ, Европ, Орос зэрэг улсууд компани, хувь хүн, тэр ч бүү хэл бүхэл бүтэн улсын эсрэг хориг арга хэмжээнүүд авсаар буй юм. Хятад улс ч түүнийг тойрсонгүй. Тэргүүлэгч улс гэдгээ баталж буй дэлхийн хоёр дахь эдийн засаг Хятад улс Вашингтоны хориг арга хэмжээний бай болсон билээ. Тухайлбал, Вашингтон Хятадын харилцаа холбооны аварга “Huawei”, TikTok нийгмийн сүлжээ болон бусад компаниудыг хар жагсаалтдаа оруулсан юм.
Бээжин өнөөдөр дотооддоо эрх баригч намын зааснаар явахгүй, дуулгаваргүй байхаар шийдсэн хувийн бизнесүүдтэй тэмцэж эхэлжээ. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Хятадын хамгийн баян компаниуд чухам юуны учир Коммунист намын “дургүй”-г хүргэх болсон тухай мэдээллийг онцолж байна.
Хятад улс "иргэдийнхээ хувийн мэдээллийг хамгаалах" нэрийн дор технологийн корпорациудыг гадаадын биржүүдэд нэвтрэхээс сэргийлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад учруулж байгаа аж. Үүний нэг тод жишээ нь нэгэн цагт Хятадын хамгийн баян хүн байсан Жек Ма-гийн эзэмшдэг “Ант групп”, мөн бусад хүмүүс ч хохирсон явдал юм.
“Хэлмэгдүүлэлт” хэдийнэ гаднын хөрөнгө оруулагчдыг үргээжээ. Хятадын компаниудын гадаад ертөнцтэй холбох холбоос болгон ашигладаг, Хонгконг дахь хувьцаагаа яаралтай зарахад хүргэж, зах зээлийг нь сүйрүүлж буй аж.
Хамгийн сүүлийн халдлагын хохирогч нь монополийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас нэг тэрбум доллараар торгуулсан, хоол хүнс хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг “Мэйтуан” юм. Тус компани үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллахаас татгалзахад хүрч, бизнесийн загвараа эргэн харах шаардлага тулгарчээ.
“Tencent” корпораци өнгөрсөн наймдугаар сард хохирол амсаж, Хонконгод бүртгэлтэй хувьцаа нь хэдхэн цагийн дотор зургаан хувиар унасан байна. Энэ уналт тус улсын “Economic Information Daily” хэвлэл цахим тоглоомыг насанд хүрээгүй хүүхдүүдийг донтуулдаг "оюун санааны опиум" хэмээн нэрлэж, түүнийг хориглохыг уриалсны дараа болжээ.
Интернет тоглоом нь 1998 онд Ма Хуатенг (Пони Ма гэгддэг)-ийн үүсгэн байгуулсан “Tencent” хөрөнгө оруулалтын компанийн гол бизнесийн нэг юм. 23 жилийн хугацаанд хүчирхэг холдинг болон хөгжсөн бөгөөд хэлтсүүд нь программ хангамж хөгжүүлэхээс эхлээд төлбөрийн систем, онлайн зар сурталчилгаа зэрэг олон салбар хариуцдаг.
Tencent-ийн гол бизнесүүдийн нэг нь WeChat гар утасны аппликейшн бөгөөд хэдэн зуун сая хятад хүнд өдөр бүр харилцах, төлбөр тооцоо, онлайн худалдан авалт хийх, зураг боловсруулах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг. Компанийн нийт орлогын гуравны нэг орчим хувийг эзэлдэг онлайн тоглоомын сегментэд Tencent тус тусад нь төсөл боловсруулдаг бөгөөд Америк, Канад, Финляндад хөгжүүлэх лиценз эзэмшдэг аж.
Economic Information Daily” сонинд “Бүхэл бүтэн нэг үе устгах ямар ч салбар, ямар ч спорт хөгжих ёсгүй” хэмээн бичжээ.
Тус нийтлэлд бичсэнээр “Tencent-ийн “Honor of Kings” тоглоом хятад хүүхэд, өсвөр үеийнхний дунд хамгийн алдартай. Сургуулийн сурагчид өдөрт найман цаг зарцуулах нь энүүхэнд аж.
Tencent энэхүү мэдээллийн дараа маш яаралтай хариу өгч, өсвөр насны хүүхдүүдэд зориулан цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулахаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна 12-оос доош насны хэрэглэгчдэд апп-аар худалдан авалт хийхийг хязгаарлахаа мэдэгджээ.
Хятадын эрх баригчдын бодлогын бас нэг хохирогч нь тус улсын хамгийн алдартай такси агрегатор Диди бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржээс (NYSE) ердөө сарын өмнө оруулсан хувьцаагаа сайн дураараа татаж, урьд өмнө байгаагүй алхам хийх шийдвэр гаргажээ. Дотоод зах зээл дээр 377 сая зорчигч, 13 сая жолооч уг үйлчилгээг ашигладаг байна.
Хятадын Коммунист нам (ХКН)-ын удирдлага жирийн иргэдийн зуршил, зан байдлын талаар мэдэж байх хэрэгтэй гэж үзэж буй бөгөөд энэ нь геополитикийн дайсандаа нэмэлт давуу тал өгөх вий гэж эмээж буйтай нь холбоотой аж. Одоогийн байдлаар “Диди”-г шалгаж буй бөгөөд шинэ хэрэглэгч (жолооч, зорчигч аль аль нь) бүртгэхийг хориглосон байна.
2.8 тэрбум доллар. Хятадын хувьд “Alibaba Group”-т тавьсан дээд хэмжээний торгууль байв. Хятад улсын эрх баригчид томоохон хэмжээний баяр ёслолын дараа дуулгаваргүй бизнесменүүдийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ хэрэгжүүлжээ. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Диди эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн ч биржээс сайн дураараа гарах төлөвлөгөөгөө цуцлаагүй байна.
Хятадын эрх баригчдын гол зорилго нь EdTech зах зээлийг зохицуулах явдал. Олон жилийн туршид Хятадын EdTech зах зээл жил бүр 100 тэрбум доллар болж өссөн бөгөөд ихэнх тоглогчид мэдээллийн технологийн томоохон корпорациудын дэмжлэгийг авдаг байна.
Үүнээс гадна Хятадын засгийн газар, амьжиргааны түвшин доогуур иргэд мэдлэг боловсролоо дээшлүүлж чадахгүйд хүрч, тэр хэрээр нийгмийн давхаргажилтыг нэмэгдүүлж байгаад санаа зовж буй аж.
Хятадын хувьд Европтой харилцах харилцаа амаргүй үеийг туулж байна. Өнгөрсөн жил олон жил хэлэлцсэний эцэст Бээжин, Брюссель хоёр улс харилцан бие биенийхээ зах зээлд нэвтрэх боломжтой болж, иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулжээ. Гэвч 2021 оны хавар Европын холбоо Шинжаан мужийн албан тушаалтнуудын эсрэг лалын шашинтай цөөнх болох уйгуруудыг дарангуйлсны төлөө хориг арга хэмжээ авсан билээ. Мөн Европын эрх баригчид тус ирээдүйтэй гэрээг соёрхон батлахаас татгалзжээ. Нөхцөл байдал хүнд байхад Хятадын тэргүүлэх компаниуд "дайсан" солилцоо хийж байгааг тус улсын эрх баригчид "урвалт” гэж дүгнэн, түүнийг таслан зогсоох ёстой гэж үзэж буй ажээ.
Эх сурвалж:
REUTERS, XINHUA